"Миний мэдэх Өмнөд Монгол" монгол сайхан бичгийн эсээ бичлэгийн уралдааны дунд ангийн ангиллын шагналт байранд шалгарсан эсээнүүдийг хүргэж байна. Тус удаагийн уралдаанд Монгол орон даяар 19 аймгийн 92 сурагч оролцов. Уралдааны шалгаруулалтад эсээ бичлэгийн агуулга, бичгийн хэв, зурлагыг голчлон анхаарав.
Дунд ангийн ангилалд 1-р байранд шалгарсан Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 9-1 ангийн сурагч Ц.Сарангоо
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Морин туурайгаар дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн Монгол цагийн саалтад сөгдөж цахар, буриад, халимаг, тува зэрэг үндэстэн маань хилийн цаана цацсан шагай шиг оршиж байна. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, монгол найм тасравч гүрэн улсын дайтай яваа өвөр монгол ахан дүүсийнхээ талаарх ядмагхан мэдлэгээ цэгцлэн бичье.
Харь гүрний эрхшээлд 220 жилийн турш зүдэрсний эцэст олдсон бидний энэ эрх чөлөө хятадын шоронд босоогоор нөгчсөн Манлайбаатар Ц. Дамдинсүрэнгээс эхлээд цахар , өвөр монгол олон дайчдын цусаар олдсон үнэтэй. 1911 онд ар монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараа Өвөр Монголын ахан дүүсийн хамт Богд хаант монгол улсын цэрэг Хятадын хар цэрэгтэй 1912-1915 онд Таван замын байлдаан хийж амжилт олоод байсан боловч Хиагтын гурван улсын гэрээгээр бид өмнөд монголчуудаа хилийн цаана үлдээхээс аргагүй болсон. Мөн дэлхийн хоёрдугаар дайны сүүлчээр манжуурыг чөлөөлөхөөр давшсан нь Х.Чойбалсан тэргүүнтэй БНМАУ Өвөр Монголыг Монгол улстай нэгтгэх зорилготой байсан гэж түүх судлаачид үздэг. Ийнхүү хорьдугаар зуунд хоёр ч удаа оролдлого хийгээд амжилт олж чадаагүй билээ. Ингэж л алтан ясны минь хэлтэрхий, алаг махны минь тасархай, ариун цусны дусал болсон өвөр монголчуудаасaa аргагүй салсан нь юутай харамсалтай.
Элэг нэгт монголчууд минь өдийг хүртэл их зовлон амссан сан. 1966 онд Хятад улс соёлын хувьсгал эхлүүлэн монголоо гэсэн сэтгэлтэй хэдэн мянган сэхээтэн, манлайлагчдыг тамлан хөнөөсөн юм. Хувьсгалын эсэргүүн хэмээгдэж байсан монголчуудыг хошууны сум бүрт тэгш тоогоор хуваарилан, дараа нь малчдыг цуглуулж олон нийтийн өмнө цаазалдаг байжээ. Цаазлуулсан хүмүүсийн цусыг мантуунд шингээж өвчин эдгээх “эм” болгодог байсан нь олон нийтийн өмнө үйлдэгдэх энэхүү цаазыг баяр ёслол болгон хувиргадаг байж. Энэ мэт гашуун зовлон туулсан ч Өмнөд Монголын ахан дүүс минь босоо заяат монгол бичгээрээ бичиж, Чингис хааныхаа хөргийг хоймортоо залан түүх соёлоо хүндэтгэдэг нь бахархалтай.
Хятад улс дунд сургуульд үндэсний бичиг заахыг хориглоход өвөр монгол ахан дүүс минь бичиг соёлоо аварч үлдэхийн тулд амиа үл хайрлан тэмцэж байхад харин бид үндэсний бичгээ тунхаг төдий болгож, харийн хэлийг шүтэж, “харь хэлтэн” болжээ. Ёстой л жаргал даахгүйн зовлон л гэж энэ болов уу?
Хэл минь нэг
Цус минь нэг
Түүх минь нэг
Ирээдүй минь нэг
Өмнөд ахан дүүсээсээ сурах зүйл их л байна даа.
Монгол бичгээр
Дунд ангийн ангилалд 2-р байранд шалгарсан 106-р сургуулийн 9б ангийн сурагч С.Бодьцэцэг
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Өмнөд Монгол үндэстний нутаг анх Хятад улсын харьяанд байгаагүй бөгөөд тухайн цаг үед Монгол улс нь Ар, Өвөр, зүүн, баруун гар гэж хуваагддаг байсан. Гэхдээ тусдаа гэсэн ойлголт бус бүгд л Монголын нэг хэсэг билээ. Хэдий өөр улсын эрхшээлд байгаа ч Монгол цус бие судсаар нь урсдаг болохоор, Монгол овогтон бие биеэ таньж, ойртох хүсэл эрмэлзэл буй цагт, харь улстай Монгол гэх нэрэн дор хамтдаа тэмцэж явсан Өмнөд Монгол бол манай төрөл нэгт бүрэлдэхүүн гэж бодож ирсэн. Бодсоор ч байх болно.
14-р зууны үеэс улс төрийн бутрал эхлэхэд Өмнөд Монгол гэж тусдаа бие даасан улс болсон. 1634 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт нас барсны дараагаар, 1636 онд Өмнөд Монгол Хожуу Алтан улсын газар нутаг болж одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт 17.13%-ийг эзлэн оршиж байна. Манжийн эрхшээлд 300 жил дарлуулан амьдарч ирсэн. Энэ нь нэлээдгүй хугацаа шүү. Чиний 3-4 үе амьдрах цаг Манж мөхсөний дараа 1900 оны үеэс Монголчуудаа нэгтгэхийн төлөө тэмцэл хүчтэй өрнөсөн энэ үеэр бүх боломж хүчээ дайчилсан байдаг. Магадгүй хэрвээ би тэр түүхэн үед байсан бол Монголын нэг хэсгээ буцааж авахын тулд өрнөсөн тэмцэл, гэрээнд чадах чинээ гарах эцсийн хүчээ шавхтал нь ашиглах байлаа.
Тэгээд гурван улсын хэлэлцээр буюу Хятад, Орос, Монгол оролцсон Хиагтын гэрээгээр манай төлөвлөгөө нь санаснаар бүтээгүй агаад харин ч Монгол улсыг албан ёсоор Ар, Өмнөд болгон салгаж Өмнөд Монголыг хуульчлан тусгаарласан. Үүний үр дүнд тусгаар тогтнолынхоо төлөө Монгол овогтны нэгдмэл эрмэлзэл, зорилго тэмцэл зогсож, Монгол овогтнууд маань саланги тусгаар байх болсон. Хэрвээ тэр үед Халх, Өвөр хоёр нэгдсэн бол өдийд яг, ямар хэсгээрээ өөрчлөгдсөн байх бол? Одоо байгаагаасаа хөгжил, хэл соёл, шинжлэх ухааны салбар нь илүү хөгжих байсан байх. Дотор оюун бодлоос минь асуулт болон гарч ирж, тархинд минь мэдэгдэл болох юм.
Дэлхийн бүх л хэсгээр тархсан хэдий ч одоо ч гэсэн ор тас устан мөхөөгүй нь монгол гэх үүх, түүх нь дундаршгүй, хэл гэгч нь эртний үнэт бүтээл, баялаг нь барагдашгүй гайхалтай улс, ард иргэдтэй гэдгийг баталж байна. Ямар ч нөхцөл байдал бай хэзээ ч үл мөхөх аварга дархлаатай Хөх Толбот Монгол орон гэдгийг би баталъя, зүрхэндээ сийлье. #Нэг Монгол, Нэгдмэл зүрх.
Монгол бичгээр
Дунд ангийн ангилалд 3-р байранд шалгарсан Нийслэлийн ЕБС-ийн 106-р сургуулийн 9б ангийн сурагч Г.Бямбасүрэн
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Монголын түүх нь Монголчуудын нүүдэл ба суурьшлын түүхтэй салшгүй холбоотой билээ. Миний мэдэхээр ямартай ч Монголчууд Их Говийн Өвөр талд нутаглаж буй ард иргэдээ Өвөрлөгчид буюу Өвөр Монгол гэж нэрлэдэг юм гэнэ. Өнөөгийн Монголчууд бид Өвөр Монголчуудыг Эрээн хотод наймаа хийдэг эсвэл Хятад улстай ууссан Монгол гэсэн нүдээр л хардаг бололтой. Гэвч миний зүгээс үнэндээ тэдний хэрхэн яаж, ямар байдлаар амьдардаг тухай мэдмээр байна.
Цэцэрлэгт хамт явдаг байсан дотнын найз маань Хөх хотод сурч, амьдардаг юм. Түүний ярианаас авч үзэхэд ихэнхдээ Өвөр Монголчууд биенээ тандсан байдалтай хэлэх үг, хийх үйлдлээ их л бодож, тунгаан гаднаа илэрхийлэх нь ховор байдаг юм шиг санагдсан. Мөн Өвөр Монголын дөрвөн сая гаруй Монгол нь Хятад дахь Монголчуудыг “Монгол” гэж бүртгэдэг болохоор ястан тус бүрийн хүн амын тоог мэдээд хүндрэлтэй байдаг гэж сонссон. Найзын маань явуулсан сүүлийн захианд Өвөр Монголын хэл шинжлэлийн газраас ангилснаар тэндэх монгол хэлийг Өмнөд Монголын Ойрад, Барга-Буриад гурван аялгатай хэлдэг түүнчлэн Халхтай ойр Цахар аялгыг шулуун хөх хошууны аман аялгуунд үндэслэн Өвөр Монгол дахь монгол хэлний баримжаа авиа хэмээн тогтоосон гэх мэт хэрэгтэй мэдээллүүд багтаасан байна. Монгол үндэстний нутаг анх Хятадын харьяанд байгаагүй, заримдаа Ар, Өвөр, Баруун, Зүүн гар болон хуваарилагддаг байсан. Баруун урд зүгт Алтай, зүүн урд зүгт Говь нь суурьшмал Хятадаас нүүдэлч Умардын үндэстнүүдийг тусгаар байлгах байгалийн саад, тотгор болдог. Түүхэн үйл явдлаас хальт дурдвал Хятадыг Манжууд байлдан эзлээд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын доор дөчин есөн хошуу болон хуваагджээ. Манж Чин гүрэн 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад зургаан чуулганд хувааж гадаад Монголын төрийг засах яам байгуулан түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ.
Өвөр Монголын зарим сургуульд монгол хэлээр хичээл заахыг хориглосон шийдвэр гарч, олон хүний бухимдлыг төрүүлсэн тухай найзаас ирсэн захианд дурдагдсан. Үүнийг уншаад надад тун ч дурамжхан санагдлаа. Яагаад Монгол хүн Монгол хэл соёлоороо бахархаж, хэрэглээгээ болгож болохгүй гэж? Тэдэнд зүгээр ч нэг улсын дарангуйлалд ороод хэл соёлоо гээхийг хүсээгүй, сурч болох бүхий л арга замыг хайж эцсийн үр дүнд гэрээрээ давтлага, сургалт зохион байгуулах болсон тухайгаа товч бөгөөд тодорхой бичсэн байлаа. Өвөр Монгол орон минь элэг бүтэн, энх тунх, амар тайван оршин тогтнох болтугай.
Монгол бичгээр
Дунд ангийн ангилалд 4-р байранд шалгарсан Орхон аймгийн ЕБС -ийн 1-р сургуулийн 9в ангийн сурагч О.Хишигт
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Дэлхийд ёс уламжлалаа хадгалан үлдсэн олон олон улс орнууд бий. Тэр дотроос хамгийн сонирхол татахуйц манай улстай соёл зан заншлаараа дөхөм улс Өмнөд Монголыг онцолж байна. Тэдний түүх соёл , дурсгалт газар , баяр ёслол , хэл бичиг орчин үеийн технологийн талаар бага зэрэг сонсож байсан .
Европын улс орнуудын уламжлалт баяр болох аймшгийн баяр , талархлын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг Азийн улс орнууд тэмдэглэх нь ховор. Улс орнуудын газар зүйн байршил өв уламжлалаас шалтгаалан тэмдэглэлт баярууд нь өөр өөрийн онцлогтой байдаг . Манай орны хувьд европын улсуудын зул сарын баяр гэх мэт баяруудыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ.
Харин Өмнөд Монголд Монголын уламжлалт баяр ёслолыг ихээхэн хүндэтгэж тэмдэглэсээр ирсэн байна. Өмнөд Монголчууд түүх соёл , ёс заншлаа бататган хадгалахын тулд "Отрын зоог", "Зулын баяр" зэрэг монгол үндэстний бүхий л онцлогийг шингээсэн баяр наадмуудыг тогтмол тэмдэглэдэг. Отрын зоог зэрэг наадмууд дээр монгол гэр , монгол үндэсний хоол бэлтгэж эрийн гурван наадгайгаар наадахын зэрэгцээ үндэсний бүжиг бий биелгээ , монгол дуу гээд бүгдийг нь нэгэн цогц зохион байгуулж бэлтгэдэг гэсэн нийтлэл байсан.
Монгол үндэстнээс хэзээ ч салгаж боломгүй эх хэл үндэсний бичгийг монгол үндэстний төв болсон ар монголчуудаас дутахааргүй сайн хадгалан бэхжүүлж өдийг хүртэл авч яваа улс бол яахын аргагүй Өмнөд монголчууд хэмээн боддог . Өмнөд Монголыг төсөөлөх төдийд энд тэндгүй монгол бичгээр бичигдсэн ханын самбар дэлгүүрийн хаяг зэрэг шууд санаанд ордог.
Монгол хэл бичиг нь нийт Монгол үндэстний нэгдмэл нэг үнэт зүйл юм. Үүнийгээ түгээн дэлгэрүүлж үр хойчдоо өвлүүлэх монгол үндэстэн бүрийн нэн чухал үүрэг билээ. Энэхүү үүргээ биелүүлэхээр хамгийн сайн тэмцэж байгаа ард түмэн ямар ард түмэн вэ? гэвэл би магадгүй Өмнөд Монголыг нэрийдэх байх. 2019 оноос эхлэн Өмнөд Монголд монгол бичгийг бага багаар танаж дунд сургуулиудад үндэсний бичгээр хичээл заахыг хориглосонд хүүхэд багачууд гэлтгүй бүгд эсэргүүцлээ илэрхийлж зогсолтгүй тэмцсэн нь бахархууштай хэдий ч ялж чадаагүй нь харамсалтай. Өмнөд Монголд ойролцоогоор 9 сая монгол үндэстэн байдгийн 1.5 сая нь үндэсний бичгээр уншиж бичдэг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгааг анх хархад тэднээр бахархахын зэрэгцээ чөлөөтэй үндэсний бичгээ сурах асар том боломж байсаар байтал харь орны хэл соёлд хэт шамдаж төрөлх хэлээ орхигдуулсандаа ихэд ичиж байсан.
Өмнөд Монголчуудтай амьдралдаа нэг ч удаа уулзаагүй байтал
“Халуун дотноор намайг угтах
Хүндэт ах эгч нар минь тэнд бий
Аялгуу дуугаараа намайг аргадахыг нь мэднэ
Аяа би Улаанбаатарын тухай дуулнам” хэмээн дуулдаг нь элэг нэгт ах дүүс гэж биднийг хүндэтгэдэг нэгэн илрэл юм болов уу.
Энэ бүхнээс дүгнэхэд өмнөд монгол бол хэл соёлоо хадгалахын тулд хамгийн сайн тэмцдэг улс орон юм. Дэлхийд уламжлалаа хадгалан үлдсэн олон олон улс орнуудаас хэл бичиг соёл дэг журам , дуу хөгжим гээд үндэсний гэсэн бүхий л зүйлээ хадгалж яваа улс бол Өмнөд Монгол яалтч үгүй мөн юм. Үүнийг судалж сонирхсоны үр дүнд манай Монголын хүүхэд залуучууд Өмнөд Монголын хүүхэд залуучуудтай сурагч солилцоогоор явж үндэстэн ястнаа танин мэдэх хөтөлбөрт ажил явуулахыг хүсэж байна.
Монгол бичгээр
Дунд ангийн ангилалд 5-р байранд шалгарсан Хэнтий аймгийн Баян-Адарга сумийн ЕС-ийн 8б ангийн сурагч З.Юмжирмаа
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Монголын говь нутгийн хойд талыг “Ар Монгол” өмнөд талыг “Өвөр Монгол” гэж нэрлэж байжээ. Тэгвэл одоо Өмнөд Монгол буюу Өвөр Монгол яагаад Хятадын дагуул улс болчихсон байгаа юм бол? Өвөр Монгол гэж ямар улс байдаг юм бэ?
Өвөр Монголын нийслэл болох Хөх хот 1575 онд байгуулагдаж, тус орон нь 1947 онд байгуулагдсан. Өвөр Монголын нутаг дэвсгэрт 79.17% буюу 18465586 Хятад хүн, 17.13% буюу 3995349 Монгол хүн, 2.14% буюу 499911 Манж үндэстэн оршин тогтнодог. Үнэт металл орд газраараа Хятадад төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Жилд дунджаар 46600 тонн үнэт металл олборлодог орон юм байна.
1634 онд Лигдэн хаан нас барсны дараа “Хөх хот” Манжид эзлэгдэн Манжийн хаан Абахай өөрийгөө Монголын хаан өргөмжилснөөр Өвөр Монгол Манж Чин улсын нутаг болсон. Хятадууд Манжийг эзэлсний дараа Өвөр Монгол ч бас Хятадад эзлэгдсэн юм байна. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг Монголд нийлүүлэх төлөвлөгөө үгүйсгэгджээ.
Хятадууд Манжийг эзэлсний дараа Өвөр Монголыг ч бас эзлэх ямар шаардлагатай байсан юм бол?. Монгол улсын анхны төрт улс болох Хүннүгийн үеэс эхлээд л Хятадтай таарамжгүй байсны үйлийн үр, хар мөр юм болов уу? МЭӨ 3-1-р зуунд Хүннү, Цинь улсын дайн, Хүннү, Хянь улсын дайн, 2-4-р зуунд Сяньби Цао Вэй улсын дайн 5-6-р зуунд Нирун Хятадын дайн, 8-9-р зуунд Кидан, Тан, Кидан Жин , Кидан сүн улсын дайн, 13-р зуунд Монгол, Алтан улсын дайн, Монгол Сүн улсын дайн, 14-17-р зуунд Монголын Юань улс, Мин улсын дайн, Билэгт хаан-Мин улсын дайн, Өлзийтөмөр хаан-Мин улсын дайн, Батмөнх хаан-Мин улсын дайн, Лигдэн хаан- Мин улсын дайн, 20-р зуунд Ховдын Хязгаарыг чөлөөлөх, Баруун Монголыг Хятадаас чөлөөлөх “Гурван замын байлдаан”, Монгол орныг түрэмгийлэн эзэлсэн Хятадын цэргүүдтэй хийсэн “Улаан хадны байлдаан” БНМАУ болон БНХАУ-ын хоорондын хилийн хамгийн том тулалдаан болох “Байтаг Богдын команд, Улаан уулын тулалдаан” Монголын хилийг зөрчсөн Хятад дээрэмчидтэй хийсэн “Мэргэн уулын байлдаан” гэх мэт Монгол Хятад хоёр улс хоорондоо олон удаа дайтаж байжээ.
1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг Монголд нийлүүлэх төлөвлөгөө үгүйсгэгдсэн нь ямар учиртай юм болоо? Өвөр Монгол бол бидний нэг хэсэг, мах цусны тасархай, нэг үндэстэн шүү дээ.
Хятад улс нь өдгөө 1.350.695.000 хүн амтай. Хүн амынх нь 91.5 хувийг Хятад үндэстэн, үлдсэн 10.5 сая хотон үндэстэн, 10.3 сая манж, 10 сая уйгур, 6 сая Төвөд, 6 сая Монгол эзэлдэг юм байна. Хүн ам нь хэт их өссөн тул, хэт өсөлтийг зогсоож 1979 оноос “Нэг хүүхдийн бодлого” хэрэгжүүлэх болжээ. Хэт өсөлтийг бага зэрэг бууруулснаар ядуурлыг бууруулахад ахиц гарсан боловч хүүхэд нуух, наймаалах муу үйл дагалдсан. 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч “Нэг хүүхдийн бодлого” – оо зөөлрүүлсэн юм байна. Ингэж хүн амынх нь хэт өсөлт асуудал болсон Хятад улсад Монголын нэг хэсэг ямар хэрэгтэй юм бэ?
Одоогийн Өвөр Монголын оршин тогтнож байгаа газар нутаг нь Монголын газар нутаг юм уу? Хятадын газар нутаг юм уу? Хүннү /ХТӨ 209-ХТ48/ онд Монгол орны газар нутаг одоогийнхоос 3 дахин том, Их Монгол улсын үед 5 дахин том газар нутагтай, 1903 оны үед 2 дахин том газар нутагтай байжээ.
Газарт нутагт одоогийн Өвөр Монголын оршин байгаа газар нутаг багтдаг байв. Тэгэхээр одоогийн Өвөр Монголын оршин тогтнож байгаа газар нутаг бол Монголын газар нутаг юм байна. Гэтэл Хятадууд Өвөр Монголын оршин тогтнож байгаа газар нутгийг чөлөөтэй ашиглаж эзэмшиж байна. Энэ бол шударга бус зүйл юм. Өвөр Монгол нь Монголдоо нийлж Монголчуудтайгаа амьдрах, Монголчууд монгол газар нутагтаа эзэн нь болж эзэмших ашиглах эрхтэй л баймаар юм. Үүнд улс төрийн ямар бодлого, юу саад болоод байдаг юм бол оо?
Facebook-ээр Монголчууд бидний төрөлх хэл бичиг болох монгол бичгийг Өвөр Монголчууд хэрэглэхийг нь Хятад улс хориглосон тухай мэдээ гарч, хүмүүс түүнд нь маш их эмзэглэж сэтгэгдэл бичиж байсан. Тэгээд тэр асуудал яаж шийдэгдсэн нь мэдэгдэлгүй тэрхүү мэдээ алга болсон. Хятадын хар хайрцагны бодлого гэж сонсож байсан. Энэ мэдээ үнэн бол Хятадын хар хайрцагны бодлого гэж айхтар бодлого байдаг бололтой. Өвөр Монголчуудыг Монголд нийлүүлж чадахгүй байсан ч улс төрийн бодлогоор Монголд ажиллуулж, амьдруулах нөхцөл боломжоор хангаад өгөөсэй. Гэтэл Өвөр Монголчууд маань Хятадад хэр их уусаж эрлийз болсон юм бол? Цаашид Хятадад бүр их ууссаар л байвал яах юм бол? Үүн дээр улс төрийн ямар нэг бодлого байдаг юм болов уу? Бид Өвөр Монголчууд Хятадын дагуул улс болсон энэхүү нөхцөл байдал, түүхээс сургамж авч гадаад хүнтэй гэр бүл болох, гадаад руу цагаачлах нөхцөл байдал үүсгэхгүй байх хэрэгтэй юм.
Ашигласан ном, материал:
- Монголын нууц товчоо
- 7, 8-р ангийн түүхийн сурах бичиг
- Google chrom-Википедиа
Монгол бичгээр
Дунд ангийн ангилалд 6-р байранд шалгарсан Нийслэлийн ЕБС-ийн 105-р сургуулийн 7д ангийн сурагч О.Анхжаргал
МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон
Өмнөд Монголыг би Өвөр Монголчууд буюу бидний яс махны тасархай,түүх соёл ижилхэн ард түмэн гэж ойлгодог. Өвөр Монголчууд бол өөрсдийн аливаа уламжлал, ёс заншлаа Монголчууд биднээс илүү хайрлан дээдэлж ирсэн хүмүүс мөнөөсөө мөн билээ. Хэдийгээр Хятадын засаг захиргаанд байдаг ч албан ёсны хэл бичгээ үндэснийхээ монгол бичгээр хөтлөн явуулдаг ба гудамж талбай, дэлгүүр хоршооны нэрс нь бүгд монгол бичгээрээ бичсэн харагддаг билээ.
1990-ээд оноос Монгол улсад Ардчилсан хувьсгал эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бичиг маань ч бага зэрэг сэргэж ирсэн билээ. 2000 оноос харин Монгол бичгээ албан ёсоор сургалтанд оруулсан ба хүүхэд багачууд бид ч хичээнгүйлэн сурч байна.
Хэрвээ би Монгол бичгээ сайн сурчихвал Өмнөд Монголд очсон ч гэлээ хэлний бэрхшээлгүйгээр Өвөр Монголчуудтайгаа ярьж, бичиж, ойлголцож чадна гэж боддог.Харамсалтай нь сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улс монгол хэлийг устгахыг зорьж байна гэсэн мэдээ их гарч байна.Тэрбээр хятадын хойд зүгт
орших монгол үндэстнүүд монгол хэлээр заах хичээлийг тоог багасгасныг эсэргүүцэн жагссан нь ховор үйл явдал болж байна.
Дэлхийн Монголчуудын Холбоо
2022 он