Нийтлэл, Түүхэн

Д.Сүхбаатар: НЭГ.Өвөр Монгол

Зураг: Зурагчин Л.Элбэгзаяа 

Манжийн үеийн Өвөр Монгол. Ер нь Их Монгол улс гэж байсан болохоос өвөр монгол, ар монгол гэсэн нэр томьёо огт байгаагүй. Өвөр Монгол гэсэн үг анх 17 дугаар зууны үеэс гарсан болов уу. Гэхдээ Өвөр Монгол Манжийн үед Ар Монголоосоо нэг их тасраагүй, өөр  хоорондоо холбоотой байсан. Учир нь Манжийн хаан Энх Амгалан” хятад хүнийг Монголын нутагт оруулахыг хориглоно, хятад эр хүн монгол эхнэр авахыг хориглоно” гэсэн Манж Чин улсын хааны зарлиг гаргасан тул Өвөр Монгол болон Ар Монголд  хятадын түрэмгийлэл  нэвтэрч чадахгүй байсан. 17 дугаар зууны эхээр Цахарын Лигдэн хаан хамаг Монголыг нэгтгэхийг эрмэлзэж байсан боловч түүний бодлого нь буруу байсан тул бүтэлгүйтэв. Лигдэн хаан Монголын дайсан хятадын Мин улстай холбоотон болж, Мин улсын хаанаас хойд хил хамгаалсны төлөө гэх ихээхэн хэмжээний мөнгөн шан харамж авдаг байжээ. Лигдэн хаан анх Мин улсын хаанаас 10 000 лангийн шан харамж авч байсан бол сүүлдээ  Лигдэн хаан надад өгдөг шан харамжаа нэмэгдүүл гэхэд нь Мин улсын хаан Лигдэн хааны шан харамжийг 80 000 лан болтол нэмэгдүүлж амыг нь таглаж байжээ. Тэр үеийн монголын дайсан бол Манж биш, хятадын Мин улс байсан юм. Лигдэн хаан хятадын Мин улстай дайсагнаж байсан Манж улстай холбоотон болохын оронд харин манж нартай  дайсагнаж байв.

Манжийн хаан Нурхац баатар алсын хараатай ,ухаалаг хүн байсан тул тэр бээр зүүн монголын Харчин, Хорчин аймаг, өвөр монголын бусад ноёдтой ураг барилдаж холбоо тогтоон хүчирхэг морьт армийг байгуулж хятадын Мин улстай дайтаж эхлэв. Нурхац баатар монголын Лигдэн хаантай найрамдахыг хүссэн боловч Лигдэн үл тоов. Ингээд аргагүйн эрхэнд Нурхац баатар хятадын Мин улстай  дайтах замд нь гол саад болж байсан Лигдэн хааны цэргийг хэд хэдэн тулаанд бут цохижээ. Лигдэн хаан  ялагдлынхаа дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад Ганьсүд өвчнөөр нас эцэслэжээ. Удалгүй манжийн хаан Абахай өвөр монголын Хөх хотыг эзэлж монголын хаанд өргөмжлөгдөв. Манж нар их Хятадыг ердөө 11 жилийн дотор эзлэв. Халх Монгол Манжийн нөлөөнд ороогүй байсаар 1691 он хүртэл оршин тогтнов. Тэрхүү эгзэгтэй цагт Ойрдын Галдан Халхын Түшээт хан аймаг руу 30 000 цэргээр довтолж  Халхын 20 000 цэргийг хөнөөж, Халх Монгол цаашид оршин тогтнох аргагүй болжээ. Халхын ноёд Ойрдын цэргээс дутааж Манжийн Долнуур хотод дүрвэн очиж аргагүйн эрхэнд Манжийн хааны нөлөөнд дагаар орохоор шийдвэрлэв.

Халхын Өндөр гэгээн Занабазар Ойрдын Галдангаас дутааж Долнуурт ирээд Халх Монгол орос, манж хоёрын алийг сонгох вэ? гэдэг амин чухал асуудлын тунгаан бодоод:

“Оросын хаан нь буруу захтай дээлтэй, буруу номтон. Харин Манжийн хаан Бурхны шашинтай, Манзушир бурхны хувилгаан, зөв захтай дээлтэй, өгөөмөр, ухаалаг эзэн хаан тул Манжийн хааныг дагах нь зүйтэй” гэсэн зөв сонголтыг хийсэн байдаг.

Өөр сонголт байгаагүй. Учир нь яг тэр үед Халх Монгол Ойрдын Галданд эзлэгдчихээд эзэнгүй байсан юм. Монголын түүхийн энэхүү эгзэгтэй үед Цахарын Лигдэн хааны буруу бодлого,  Ойрдын Галдан бошигтын Халхын эсрэг дайн  хоёр монголын доройтлын гол шалтгаан болж байлаа. Тэр үед  Лигдэн хаан хятадын Мин улстай холбоолж манж нарын эсрэг дайтаж, Ойрдын Галдан Халх руу цэрэглэн халдаж байлаа. Хэрэв энэ үед Монгол улс нэгдмэл хүчирхэг улс байсан бол хятадын Мин улсаас ч айхгүй, Манжийн өсөн нэмэгдэж байгаа хүчнээс ч айхгүй, Оросын хойд нутагт хийсэн түрэмгийллээс ч айхгүй, Өвөр Монголоо ч алдахгүй  байх боломж бүрэн байсан. Гэвч түүхийн хүрд  өөрөөр эргэв.  Манж нар Өвөр монголд нөлөөгөө тогтоогоод өвөр монголыг 49 хошуунд хуваалаа. Өвөр монголын ноёд манж нарын аян дайнд морьт цэрэг гаргаж дайнд идэвхтэй оролцдог байв. Өвөр монголын ноёд 17-р зууны сүүлчээр Ойрдын Галдан бошигтын цэргийн эсрэг манж нартай хамтарч байлдаж байсан, мөн 18-р зууны сүүлчээр Зүүн гарын улсын эсрэг манж нартай хамтарч байлдаж байжээ. Дараа нь Халх монголын ноёд хятадын нутгийн гүнд бослого гаргасан хятадуудыг дарахаар морьт цэрэг гаргаж манж нартай хамтарч бослогыг дардаг байв.

Манж,  Монголын нууц гэрээний дагуу Халх Монголын нутагт хятад хүнийг нэвтрүүлэхгүй байх, хятад хүн монголын газар нутгийг алт эрэх зэргээр ухахгүй байх, аль нэг гадаад орон Монгол нутаг руу довтолвол Манж хамгаалах  зэрэг үүргийг манж нар бүрэн биелүүлдэг байжээ. Ийнхүү монголчууд манжийн нөлөөнд гурван зууны турш дайн дажингүй амар амгалан амьдарч Монгол орноо Их Хөлгөний Бурхны шашин  дэлгэрч, ард түмнээрээ гэгээрсэн үндэстэн болж байв. Харин монголчууд төрийн ажлыг манж нарт даатгачихсан байсан тул гурван зууны турш монголчууд төргүй, цэрэггүй байсаар сүүлдээ нум сумаараа ч байлдах чадваргүй болсон байдаг.  Ар болон Өвөр монголчууд Манж Чин улсын үед буюу 17,18 дугаар зуун болон 19 дүгээр зууны дунд үе хүртэл  дайн дажингүй амар жимэр эрх дураараа бурхны шашнаа шүтэж, мал сүргээ өсгөж, малын буянаар элбэг дэлбэг амьдарч байсан. Манжийн хаан Энх Амгалан Ар Монголын нутагт буюу Жанчхүүгийн даваанаас умарт нутагт дотор хүн /хятад хүн/ зорчиж очих, хятад хүн монгол эхнэр авах, хятад хүн Монгол нутагт алт хайх зэргийг  эзэн хааны зарлигаар хатуу хориглосон байсан. Энэ зарлиг нь монголчуудыг хятадын нөлөөнөөс баталгаатай хамгаалж чадсан юм. Өвөр монголчууд 19 дүгээр зууны сүүлчээр  Манж Чин гүрний  засаглалын үед  хятад хүн Манжийн төрийн гол эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлжээ. Түүхийн зарим баримтыг дурдвал: 1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан хятад цэрэг өмнөд Монголын урд зах Зостын чуулганы /төв нь өнөөгийн Улаан хот/ харчин гурван хошуунд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хяджээ. Хятадууд монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй хөнөөдөг болохоор ясан овоо босч цусан далай тунаж байсан гэдэг. Зугатаж гарсан монгол хүмүүс үймээн самуун намдсаны дараа садан төрлийнхөө шарилыг оршуулах гэж нутагтаа буцаж очиход  алагдсан хүмүүсийн хөл нь олдвол гар нь олдохгүй, толгой нь олдвол бие нь олдохгүй, бие нь олдвол дөрвөн мөч нь олдохгүй аймшигтай байжээ.

/Ван Гүо Жиүн “Монголын тэмдэглэл”  1994 оны шинэ хэвлэл. 325-р нүүр. Тайвань. Тайбэй хот/ “.

Хөх судар” романыг туурвисан монголын их хааны алтан ургийн удам, монголын их зохиолч Ванчинбалын Инжинаашын гэр орон  энэхүү аллагад дайрагдан, дээрэмдүүлж хашаа байшингаа шатаалгаснаас болж их зохиолч нутгаасаа дүрвэн гарч одоогийн Ляонин мужийн Жинжү хотын нуранхай сүмд уух эм, идэх хоолгүй амьдарч харамсалтайгаар насан өөд  болжээ. Хайран монгол соёл, хайран монгол эрдэмтэн.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар

Төстэй мэдээ