Мэдээ, мэдээлэл, Нийгэм хүмүүнлэг, Өвөр Монгол, Соёл, урлаг, Төсөл хөтөлбөрүүд

“МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа

Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай болон Дэлхийн Монголчуудын Холбоо байгууллагууд хамтран “МИНИЙ МЭДЭХ ӨМНӨД МОНГОЛ” монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оны 02 сарын 21 ны Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан  зарлаж 2 сарын хугацаанд орон даяар эсээ бичлэгүүдийн хүлээн авсан бөгөөд 05 сарын 11 ны “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” ийнхүү шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уралдаан ЕБС-ын ахлах 10-12 анги, дунд 6-9 анги гэсэн 2 ангиллаар явагдан тус бүр 6 байрыг шалгаруулж нийт 12 сурагч шагналт байранд орлоо. Уралдааны эсээг онлайнаар болон биетээр хүлээн авсан бөгөөд шалгаруулалтад эсээ бичлэгийн утга агуулга, найруулга болон, бичгийн хэв, стандарт зэрэг нь голлох нөлөө үзүүллээ. Тус уралдаанд Монгол орон даяар нийт 19 аймгийн ЕБС-ын ахлах, дунд ангийн 92 сурагч оролцов.

Ялангуяа хөдөө орон нутгаас монгол хэл, бичгийн багш нар сурагчдаа бэлтгэн оролцуулсан нь онцлууштай байлаа. Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдаас энэхүү уралдаанд оролцохын тулд монгол бичгээ илүү сайн давтаж, багш нартайгаа ажилласан, Өвөр Монголын түүхийг судалж, мэдсэн гээд талархаж байгаагаа олон сурагчид илэрхийлсээр байлаа.

 

Шалгарлан эсээнүүдийг бид www.worldmongol.org болон www.southmongolia.org веб хуудсанд крилл хөрвүүлгийн хамт байршуулах бөгөөд уралдааны бүх материалыг товхимлоор хэвлэн оролцсон сурагчиддаа тараах юм.

Монгол бичиг нь Монголчуудын нэгдмэл нэг үнэт зүйл төдийгүй сүүлийн мянган жилийн хугацаанд эсгий туургатны соёл, боловсрол, ном, судрыг түүчээлэн ирсэн эрхэм нандин өв билээ. 2019 оноос Өмнөд Монголд Монгол бичгийг шат дараатай танаж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон Монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь нэн харамсалтай. Монгол улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж буй билээ. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт Монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.

Оролцсон нийт сурагчид, багш нартаа баярлалаа!

Монгол бичиг түгээмэл болтугай!

 

Дэлхийн Монголчуудын Холбоо

2022 он

Төстэй мэдээ