Дэлхийн Монголчуудын нэгдэн www.worldmongol.org сайтад Монгол туургатан, угсаатны тухай нийтлэл, зохиол бүтээлүүд нь нийтлэгдэж буй нийтлэгчдийн танилцуулга, мэдээллийг энэхүү буландаа бид оруулж байгаа билээ. Ингээд та бүхэн Доржийн Сүхбаатар гуайн намтарыг хүлээн авна уу!
Мөн бидэнтэй хамтран ажиллаж өөрийн нийтлэл, зохиол, бүтээлээ байршуулах бол бид үргэлж нээлттэй байх болно. Баярлалаа!
Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар
Д.Сүхбаатар нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Эцэг С.Дорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян -улаан сумын уугуул ард. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан. Эх Д.Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард. Д.Сүхбаатар Хэнтий аймгийн Өндөрхаан хотын дунд сургуулийг төгссөн. Зөвлөлт Холбоот Улсад Азербайжан Улсын Их сургуулийг Баку хотод төгсч, “хуульч” мэргэжил эзэмшсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн.
Д.Сүхбаатар нь Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Хан -Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Ахлах зохион байгуулагч, Хуулийн зөвлөх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч-сурвалжлагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан. Эдүгээ “Номын гэрэл - Ногоон дэлхий” төрийн бус байгууллагын Тэргүүн. Д.Сүхбаатар нь Хууль зүйн Магистр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн.
Д.Сүхбаатарын бичсэн номууд нь өрнө, дорно дахины түүх, соёл, шашин, урлаг, шинжлэх ухаан, бясалгал, гэгээрэл, буддын сургаал, нийгэм улс төр, танин мэдэхүй, хувь хүний хөгжлийн тухай өргөн сэдвийг хамарч баримт дүгнэлттэй, судалгаа, дүн шинжилгээтэй, далайцтай, сонирхолтой, Монголд судлагдаагүй гадаадын ховор эх сурвалжийг хөрвүүлж номондоо оруулсан байдаг.
Д.Сүхбаатарын бичиж хэвлүүлсэн номууд: “Дагаар орсон монголчууд” 1999 он, “Бурхан - Хүмүүн ертөнц” 2005 он, “Лам багшийн айлдвар” 2008 он, “Гэгээрэл” 2013 он, “Авралын сургаал “ 2015 он, “Ариун номын Түвдээс агуу Наран улс хүртэл аялсан нь“ 2019 он, “Өөрийгөө бүтээхүй” 2019 он, “Алтан ураг” 2020 он, “Орос орон” 2021 он, “Алтан сургаал” 2022 он.