2022.03.30
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа,
Улаанбаатар хот, Монгол Улсын Засгийн газарт
Эрхэм Ерөнхий сайдаа,
Би Өвөр Монголчуудын эрх, эрх чөлөөг хамгаалах, таниулах зорилготой Нью-Йоркт төвтэй Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн өртөөний нэрийн өмнөөс Чулуундоржийн Мөнхбаяртай холбоотой асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэн хандаж байна.
Сэтгүүлч, зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ танигдсан Ч.Мөнхбаяр нь Хятадын Өвөр Монгол дахь колоничлолын бодлого үйл ажиллагааг хамгийн их шүүмжилдэг хүмүүсийн нэг билээ. Тэрээр дэлхийгээр тархсан Монгол угсаатныхаа үндэсний эрх чөлөөний төлөө болоод Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө цуцашгүй зүтгэж тэмцэж ирсэнээрээ Монгол Улсад төдийгүй Өмнөд Монгол, Халимаг, Буриад, Хазаруудын дунд нэр хүнд, хүндэтгэлийг хүлээсэн юм.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятадын эрх баригчид өөрсдийнх нь бодлого шийдвэрийг эсэргүүцэж шүүмжлэгчдийн амыг таглах оролдлого, дарамт шахалт нэмэгдэж байгаад бид туйлын түгшиж байна. Таныг “Бээжин 2022” Өвлийн олимпийн наадмын үеэр Бээжинд айлчилж, авторитар дэглэмтэй ер бусын найртай байна гэсэн мэдэгдэл хийсний дараа Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын Засгийн газрын шууд даалгаврын дагуу баривчилсан гэж дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудад хардлага төрж байна.
Улсынхаа шүүхийн процессийг зөрчиж, ямар ч нотлох баримтгүйгээр иргэнийг буруутгаж, гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчийг нь хорих ялаар айлган сүрдүүлж заналхийлж байгаа нь Монгол Улсын баримталж ирсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө хууль дээдлэх үндсэн зарчимд харш үйлдэл юм. Дарангуйлалд сөгдөн иргэдээ хэлмэгдүүлэх нь нийт монголчууд Монгол Улсын төр, эрх баригчдад итгэх итгэлийг алдуулж Монгол Улсын ардчилсан нийгмийн нэр хүндийг унагаж байна.
Ийм учраас Ч.Мөнхбаярыг нэн даруй суллаж, түүний эрх чөлөө, нэр төрийг нь сэргээхийн төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг уриалж байна.
Хүндэтгэсэн:
Энхбат Тоочог
Захирал
АНУ, Нью-Йорк хот, Форэст Хиллс 108 гудамж 6А, 68-37, 11375
Утас/факс: (718)786-9236
И-мэйл: webmaster@smhric.org
Вебсайт: www.smhric.org