Нийтлэл, Түүхэн

Д.Сүхбаатар: "Алдагдсан монгол туургатан" нийтлэл I-р хэсэг

Зураг: Зурагчин Л.Элбэгзаяа 

Алдагдсан монгол туургатан I-р хэсэг         

                                   Халин одсон  халимаг түмэн минь

                                   Хаагдаж таслагдсан Буриад, Тува, Өвөр Монгол түмэн  минь

                                   Халуун элгэн  нутагтаа  ерөөл тавин золгоё

                                   Хамаг Монгол улсаа хайрлан дээдэлж мандуулъя

Эзэн Богд Чингис хаан, түүний ач хөвгүүн Хубилай  нар болон алтан ургийн их хаад найман зууны тэртээ дэлхийн дөчин улсыг нэгтгэсэн, алс өрнөдийн Альпын нуруу, Адриатын тэнгисээс алс дорнын Солонгос, Хятад, Индонез хүртэлх Евразийн 33 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутагтай, Их Хурилдай, эрдэмтдийн чуулгантай,  аравт, зуут, мянгат морьт цэрэгтэй, Их Засаг хуультай, шуудан өртөөтэй, олон шашныг ижил хүндэтгэсэн, худалдаа арилжааг чөлөөтэй хөгжүүлсэн, торгоны замыг хамгаалсан, олон улсын харилцааг бэхжүүлсэн, одон орон, уран барилга бүтээсэн, тамга тэмдэг, босоо монгол бичиг үсэгтэй, төр шашныг хослуулсан дэлхийн хамгийн том хүчирхэг Их Монголын эзэнт гүрнийг байгуулж  168 жил оршин тогтнож дэлхийн соёл иргэншилд үлэмж  их үүрэг гүйцэтгэсэн билээ.

Монголын Хубилай хаан Монголын Их Юань улсыг байгуулан хөгжил цэцэглэлийн туйлд хүргэв. Гэвч түүний удам Тогоонтөмөр хаан Монголын их Юан улсыг хүчирхэг хэвээр нь хадгалж чадсангүй. Өмнөд Хятадад гарсан улаан алчууртны бослогыг эхний удаа Монголын авьяаслаг зоригт жанжин Тогто  дарж чадсан юм. Гэвч Монголын  хаан Тогто жанжныг албан тушаалаас нь зайлуулж ямар ч чадваргүй хүнийг монгол цэргийн жанжнаар томилжээ. Бослого эхний удаа хагас дутуу дарагдсан боловч улаан алчууртны босогчид хүчээ улам нэмж байлаа.

1368  онд Монголын Их Юань гүрний нэг түмэн монгол цэрэг өмнөд Хятадад  Жу Юаньжаны удирдсан үй олон  улаан алчууртны босогчдын армид бүслэгдэн  ялагдаж, улмаар их Юань гүрний нийслэл Дайду /Бээжин/ хотыг босогчдын арми эзэлж Монголын Их Юан гүрэн мөхөв. Монголын эзэн хаан хятадуудад шашин шүтэх эрхийг нь чөлөөтэй өгсний гор ингэж гарав. Хятадууд “цагаан лянхуй” хэмээх шашны хөдөлгөөнд хятад толгойтой бүхэн нэгдэж,  “Монгол хүн бүрийн толгойг тас цавчих тун” гэсэн уриан дор үлэмж том  хүч болон зангидсан юм.

Ийнхүү Монголын доройтол  тэр үеэс эхэлж,  гүрэн улс маань  бутарч,  зуу зуун жилийн турш газар нутгаа харийн улсад алдан алдсаар  1911 онд Богд хаант Монгол улсыг байгуулах үед 3.0 сая квадрат км газар нутагтай улс болж  үлдсэн юм. Энэ бол цаашид яасан ч алдаж болохгүй олон мянган жилийн турш амьдарч ирсэн Монголын унаган газар нутаг байлаа.

Гэвч Монгол маань  1680 оноос эхлэн хаант Орос улсад Байгаль орчмын газар нутгаа буриад монгол ардтай нь хамт алдан алдсаар хамгийн сүүлд зөвлөлт засгийн үед 1944 онд Саяаны нурууны Урианхайн хязгаарыг, 1958 онд  монголын Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг 2500 квадрат км газар нутгийг  22.4 сая квадрат км газар нутагтай, 294 сая хүн амтай  хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсад булаалгаж, 1949  онд 9.5 сая квадрат км газар нутагтай, нэг тэрбум хүн амтай   БНХАУ-д 1.8 сая квадрат  км газар нутагтай Өвөр Монголын баруун зүгийн  Тарвагатайн нуруу, Или мөрөн, Хөх нуур, Дээд Монголоос  зүүн зүгийн Хөлөнбуйр, Барга, Хинган,  харчин хорчин  хүртэлх унаган монгол нутгаа алдаж, эдүгээ зургаан сая монгол хүн, зуун сая мал сүрэг  өмнөд  хөршид харьяалагдан таслагдав.  Монгол улс өөртөө арайхийж 1.5 сая квадрат км газар нутагтай  дэнжигнэн үлдэж, унаган монгол нутгийнхаа тэн хагасыг ийнхүү хорьдугаар зуунд хоёр хөрш улсад  алдаж далайгаас 1200 км алслагдан хаягджээ.

Ийм их унаган монгол газар нутгаа хүн ардтай нь харийн гүрэнд булаалгана гэдэг хамгийн том эмгэнэлт бөгөөд ичгүүртэй явдал юм. Үүнд монголчууд бид бусдад бурууг чихэх биш,  өөрсдөө түмэн буруутай. Харийн түрэмгийллээс бүтэн улсаа хамгаалж чадаагүй бутран унасан нь  монголчуудад  хүчирхэг төр улс, хүчирхэг цэрэг арми байхгүй,  хүчирхэг хаан, цэргийн жанжин байхгүй, эв нэгдэл байхгүй, эх оронч сэтгэл байхгүйгээс болсон билээ. Түүнээс бус монгол хүнд төрөлхийн цэргийн эрдэм, зүрх зориг заяасан байдаг.

Хорьдугаар зууны сүүлчээр дэлхийн коммунизм түүхийн хог дээр хаягдсаны дараа Зөвлөлт Холбоот Улс 15 улс болон задарч, хоёр хуваагдсан Герман улс нэгдэж, Хятад улс Хонконг, Макаог буцаан авч, хоёр Солонгос нэгдэхийг эрмэлзэж байна. Гэтэл хоёр хөрш гүрэнд алдагдсан Монголын газар нутаг,  хүн ардыг дэлхий нийт огт мэддэггүй, ярьдаггүй, “дэлхийд оросын монгол, хятадын монгол л гэж байдаг. Монголыг  Орос, Хятад хоёр л мэднэ” гэсэн улиг болсон хуучирсан үзэлтэйгээ зууралдаж  өдий хүрсэн байдаг. Монголын үнэн түүхийг орчин үеийн монголчууд бид өөрсдөө дэлхийд ярьж ойлгуулахгүй бол өөр хэн ойлгуулах юм бэ.

Орчин үеийн монголчууд бид эдүгээ өвөг дээдсийн байгуулсан энэ том гүрний нутаг дэвсгэрийг дахин буцаан авах гээгүй, дахин эзэнт гүрэн байгуулах гээгүй, алдсан газар нутгаа эргүүлэн авч  газар нутгийн маргаан гаргах гээгүй юм.

Харин яагаад Их Монгол гүрэн мөхөв?, яагаад нэгдсэн Монгол улс олон хэсэгт хуваагдаж ихэнх унаган нутгаа алдав ? Сүүлийн зургаан зууны турш монгол үндэстэн яагаад доройтов? гэдэгт дүн шинжилгээ хийж үнэн түүхээ сэргээн босгож  алдаа, оноогоо цэгнэхийг л хүсч байна. Бид өнгөрсөндөө дүгнэлт хийж ирээдүйгээ цогцлоон бүтээхийг хүсч байна. Бид туурга тусгаар улсаа хөгжүүлж,  саруул ухаандаа итгэж,  баталгаатай сайхан амьдрахыг  хүсч байна. Бид түүх соёлоо харийн хүмүүсээр заалгамааргүй байна. Өнгөрсөн зуун жилд зөвлөлтийн болон Хятадын улаантнууд монголын түүхийг  ангич, намч, коммунист үзэл суртлаар бохирдуулан гүтгэдэг байсан. Монголын түүхийг зөвлөлт, эсхүл хятад хүн гуйвуулж өөрсдийн үзэмжээр бичдэг байсан. Одоо Монголынхоо түүхийг монголчууд бид бичих цаг ирж байна, бид түүхээ бичиж  байна.

Монголчууд бид алдагдсан түүх, соёлоо өөрсдөө дахин босгож бүтээмээр  байна. Хүннүгийн үеийн  болон  Чингис хааны монголчуудыг орос болон өрнөдийн түүхчид “варвар”, “barbarian” гэдэг , хятадын түүх сударт  “зэрлэг Ху” нар хэмээн бичсэн байдаг. Үнэн хэрэгтээ  “славян” гэдэг үг нь “боол” гэсэн утгатай, Дундадын Иргэн улс гэдгийн “иргэн” гэдэг үг нь  “боол” гэсэн утгатай үг хэмээн эрдэмтэд судлаачид бичсэн байдаг. Зөвхөн Монголынхоо үнэн түүхээ сэргээх гэсний   төлөө, Монголынхоо уламжлалт соёл, шашнаа сэргээх гэсний төлөө, монгол эх хэл, босоо монгол бичиг, урлаг, ёс заншлаа сэргээх гэсний төлөө монголчууд биднийг  гадаад, дотоодын зарим түүхчид, улс төрчид, улаантнууд, буруу үзэлтнүүд  “Пан монгол үзэлтэн”, “Их Монгол гүрнийг байгуулахыг горьдогчид”, “Үндэсний үзэлтнүүд”, “Хуучныг баримтлагчид”, “Шашны мухар сүсэгтнүүд”, “Салан тусгаарлах сепаратист үзэлтнүүд”  хэмээн элдвээр доромжилж  харааж зүхдэг.

Гадаад улсад бүтээсэн Чингис хаан, монголчуудын тухай ном, кинонуудад монголчуудыг заавал харгис, бүдүүлэг нүүдэлчид хэмээн гүтгэж доромжилсон өнгө аяс харагддаг.  Гэвч үүнийг эс харгалзан  монголчууд бид түүхийн үнэнийг тогтоох л болно, уламжлалт соёл, шашнаа сэргээх л болно, урлаг, кино, номоо бүтээх л болно.  Олон зуун жил монголчууд бидний түүхийг гуйвуулж биднийг зэрлэг бүдүүлэг нүүдэлчид, хамгийн их хоцрогдсон ард түмэн, мөхөж байгаа үндэстэн, бичиг үсэг мэддэггүй, буддын шашинтай, харанхуй бүдүүлэг хүмүүс  хэмээн гүтгэсэн элдэв бусармаг явдалтай бид эвлэрэхгүй.

Монголчууд бид хэн байсан бэ? Одоо бид хэн болоод байна вэ?, Монголчууд бид хөгжиж хүчирхэг улс болж чадах уу? гэдгээ дэлхийн өмнө нотлох цаг ирээд байна. Монголчууд бид эхлээд үнэн зөв түүхээ тогтоох учиртай. Их Монгол улс яагаад сарнисан тухай дүн шинжилгээ хийж гаргасан  алдаа дутагдлаа бид нуулгүй хэлэх ёстой. Их Монгол гүрэн 1368 онд мөхсөний дараа 600 жилийн турш монголчууд яагаад доройтов, одоо яаж сэргэн мандах вэ? гэдгээ тогтоох ёстой.

Алдагдсан монгол туургатны минь хувь заяа, төөрөг тавилан түүхийн нугачаанд хэрхэн өрнөж эцэстээ юу болсон, алдагдсан монгол туургатан минь харийн гүрний эрхшээл дор ороод хэрхэн зовж зүдэрсэн талаар  Монголын эгэл сэхээтэн би вээр залуу насандаа өнгөрсөн зууны наяад оноос эхлэн түүхийн үнэн баримтуудыг эрэн сурвалжилж  сайтар судалсан бөгөөд эдгээр баримтад тулгуурлан  энэхүү түүхэн нийтлэлийг бичсэн бөлгөө.

Яагаад энэ сэдвийг судлах болов? гэвэл би социализмын үед Зөвлөлт Холбоот Улсад Баку хотод их сургуулийн  оюутан байхдаа тэнд зөвлөлтийн армид алба хааж байсан нэгэн халимаг цэрэгтэй танилцсан юм. Түүнтэй ярилцаж байхад тэр халимаг цэрэг Монголын түүхийг мэдэх байтугай, ганц ч монгол үг мэдэхгүй байсан. Тэгээд л би яагаад монгол үндэстэн дэлхийгээр тарж төрөлх хэлээ ч мэдэхгүй, түүх соёлоо ч мэдэхгүй болчхов? гэдгийг судлахаар шийдсэн юм.  Халимаг, Буриад, Тува, Өвөр Монголын  тухай анх би 1988 онд Хэнтий  нутагтаа аймгийн гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхдаа  “Дагаар орсон монголчууд” хэмээх түүхэн нийтлэл бичээд нэг хэсэг хэнд ч хэлэлгүй ширээн дотроо хадгалж, нууцалдаг байлаа.

Тэр үед нэг үзэл сурталтай, хаалттай социалист нийгэм байсан тул орос зөвлөлтийг шүүмжилсэн нийтлэл бичих бүү хэл, ямар нэг шүүмжилсэн зүйл ярьсан хүнийг шоронд хорьдог цаг үе байв. Энэхүү түүхэн нийтлэл маань анх 1990 онд Хэнтий аймгийн  сонинд, 1991 онд Улаанбаатар хотод  “Монголын дуу хоолой” сонинд нийтлэгдсэн, дараа нь  1999 онд миний анхны “Дагаар орсон монголчууд” номонд хэвлэгдсэн билээ. 1990 оноос хойш эдүгээ хүртэл олон шинэ баримт, мэдээлэл, эх сурвалж олдсон тул би “Дагаар орсон монголчууд” нийтлэлээ гучин хоёр жилийн дараа дахин баяжуулж,  “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэйгээр Өвөр Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол, Тува /Урианхай/ Монгол, Алтайн монголчуудын тухай 2020 онд шинэчлэн бичиж  уншигч Танаа толилуулж байна.

Нийтлэлийг: Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар