Нийтлэл, Цаг үеийн

Д. Пүрэвсүрэн: Хятад дахь аян замын тэмдэглэл 2: Уулан дундах Гуйжоу

Гуйжоугийн (Guizhou) монголчууд өөрсдийгөө Хубилай хааны хойчис Тогоонтөмөр хааны удам гэж үздэг учир Тие (төмөр гэсэн утгатай) овог авчээ. Гэвч түүхийн ээдрээтэй асуудлаас болж овгоо сүүлд сольж, Юй болгосон аж. Юй нь хоёр утга агуулдгийн нэг нь ханзаараа биш ч дуудлагаараа загас гэсэн утгатай.

Юн Нанд дотночлон тосож авч уулзсан Адис эгч маань: -Күньминийг үзчихээд явахгүй гэсээр үдэв. Уг нь бид энэ өдөр хамтдаа гадуур явж газар үзэхээр төлөвлөсөн ч Гуйжоуд амьдардаг монгол хүн Амгаа (Юй Тайфин) 17:00 цагаас өмнө ирвэл их сайн байна гэсэн учраас төлөвлөгөөгөө өөрчлөв. Адис эгч, Амгаа ах гээд аяллын туршид тусалж байсан бүх хүнтэй ви чатаар (we chat) холбогдож танилцсан бөгөөд урьдын танил нэг ч хүн байгаагүй билээ. Заримтай нь урьд өдөр нь, заримтай нь тэр өдөр нь холбогдоод л явж очоод байсан хэрэг. Тийм л маягаар Гуйжүу мужийн Үндэсний соёлын нийгэмлэгийн Монгол соёл судлалын зөвлөлийн нарийн бичгийн дарга Амгаа ахтай холбогдож, Гуйжоу мужийн төв Гүй-Ян хотод ирлээ.

Тэр өдөр Гүй-Янд амьдардаг хэсэг монголчуудын уулзалт болох гэж байсан учир Амгаа ах ийн яаруулсан аж. Гуйжоу дахь Тие овогт монгол угсаатны 10-аад хүн цуглав. Сүүлд Тие овгоо өөрчлөн Юй овогт болсон тухай доор тусад нь өгүүлнэ. Тэд тус хот дахь Гуйжоу мужийн үндэсний соёлын нийгэмлэгийн Монгол соёл судлалын зөвлөлийн тэргүүлэгчид аж. Удалгүй Гуйжоуд амьдардаг 100 гаруй монголчуудын уулзалт болох тухай тэндээс мэдэв. Яг ийм уулзалтын үеэр нь очиж л байдаг, морьтой л яваа санж. Тэндээс гараад нэг Юй овогтныд очихоор явлаа. Замд бас нэг Юй овогт ах өөрийн мэддэг монгол үгнээсээ хэлж, түүнийг нь ойлгохоор хүүхэд шиг баярлан: -Миний хэлсэн зөв байгаа биз? Хятадаар энэ чинь ийм утгатай үг гээд нөгөө хоёртоо гайхуулна. Очсон айл маань мөн л зочиндоо зориулж шинэ цай задлан, ямар ид шидтэйг нь их удаан тайлбарлаж байгаад дайлав. Хотод амьдардаг хэр нь тариалангийн талбайтай, нэг төрлийн жимс тарьдаг, бас хувийн орон сууцтай айл юм.

Монголчуудын цугларалт хоёр өдрийн дараа болох тул Гуйжоугийн төв Гүй-Ян хотод хэсэг саатах боллоо. Анх бүр галт тэрэгний цонхоор уулан дундах хот гэдэг нь харагдаж, хараа булааж байсныг хэлэх үү, энд өнжих нэг өдрөө хотоор зугаалахаар гараад шидчихэв. Хотын төвийн үзвэр гэхээсээ илүү битүү модтой сонин содон тогтоцтой уулс нь сонирхолтой учраас хамгийн ойрын Чианлин уулын цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Автобусаар арваад буудал яваад цэцэрлэгт очив. Энд амьтны хүрээлэн, хулсны баавгайн хүрээлэн, нуур гээд олон төрлийн үзвэр байх ба энэ уулыг өгсөж уруудан бүгдийг нь үзнэ гэвэл нэлээд хугацаа орох шинжтэй.

Хятадын хаа сайгүй таардагчлан настай хүмүүс нарлах нь нарлаж, тоглох нь тоглож, бүжиглэх нь бүжиглэж байна. Гэхдээ бусад газарт харснаас эндхийн настайчууд хоббигоо илүү мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн нь сонирхолтой санагдав. Нийтийн бүжиг гэхэд бие биенийгээ сарнай барин бүжигт урьж, жигд хувцасласан нь хөндлөнгөөс харсан ч үзүүштэй. Бүр энэтхэг аян дээр энэтхэг хувцас өмсөөд мэргэжлийн хүмүүс шиг бүжиглэж буй нь ч байна. Нэг төрлийн үлээвэр хөгжим тоглож буй нэг өвөө ноот, ноотны ширээ гээд бүх тоноглол хэрэгслээ аваад ирсэн тоглож сууна.

Дуу нь тодоос гадна аялгуу нь сонсголонтой тул түүний хажууд хэсэг сууж сонслоо. Биднээс холгүйхэн өөр нэг өвөө ном уншиж сууна. Хажуудаа усаа тавьчихсан, гутлаа тайлаад тухтай нь аргагүй ном уншиж суугаа түүнийг хараад атаархах шиг. Ер нь улсын хөгжил хүндээ хүрсэн газар ийм байдаг байх даа гэмээр амар амгалан, амарч тухлах газрыг нь бүрдүүлсэн байдлыг Хятадын хаанаас ч харж болно. Миний уулзсан эндхийн монголчуудаас харахад амьдрал нь тогтсон, хүссэн үедээ өөртөө цаг гаргаж чаддаг, чөлөөт цагаараа нийлж тоглоом тоглож, гэр бүлээрээ уулзан, хооллосон шигээ цагийг таатай өнгөрөөдөг юм билээ. Энэ хот ч ногоон байгууламж ихтэй, цаанаасаа бухимдах аргагүй газар юм.

Тогоонтөмөр хаанаар овоглосон Тие (Юй) овогт монголчууд

Гуйжоугийн монголчууд өөрсдийгөө Хубилай хааны хойчис Тогоонтөмөр хааны удам гэж үздэг учраас Тие (төмөр гэсэн утгатай) овог авчээ. Гэхдээ түүхийн ээдрээтэй асуудлаас болж овгоо сүүлд сольж, Юй болгосон аж. Юй нь хоёр утга агуулдгийн нэг нь ханзаараа биш ч дуудлагаараа загас гэсэн утгатай. Юань гүрэн мөхсөний дараа эндхийн монголчууд оргож босож явахдаа голын сайрт загас адил нуугдаж амь гарсан учраас ийн бэлгэддэг аж. Гуйжоугийн монголчуудтай холбоотой түүхийн талаар Өвөр Монголын төв радиогийн “Удмын эрэл” нэвтрүүлэгт хэрхэн өгүүлсэн тухай зарим баримтыг энд буулгая.

“Цалгилж бялхсан далай тэнгисийн их усан мэт нэгэн үе дэлхий дахинд давалгаалж явсан монголчууд татран татарсаар энд тэндгүй нуур болж тогтсон гэж зүйрлэдэг агаад эдгээр нуурын нэг нь Гуйжоугийн монголчууд билээ.

Өдгөө Гуйжоуд Юй овогтой 260 гаруй мянган Монголчууд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, ажил амьдралаа зохицуулж явна. Тэд 1980-аад оны эхээр өөрийн жинхэнэ удам угсаагаа удирдах байгууллагадаа мэдэгджээ. 1983 оны 1 дүгээр сарын 29-нд анхны таван хүн үндэстний харьяаллаа монгол болгох хүсэлт гаргасан байна. Тухайн үед 40 мянга нь монгол гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн ч үлдсэн монголчууд нь үндэс угсаагаа хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэнээр барахгүй угийн бичиг, гэрийн цадиг түүх, үүсэл гарлаа умартаагүй байсан нь гайхалтай.

Соёлын хувьсгалын үед маш олон үнэ цэнтэй гэрийн цадиг хаягдаж гээгдсэн юм. Гуйжоугийн монголчуудын хадгалж байгаа гэрийн цадигууд өөр өөр боловч доторх нэг агуулга нь адил байдаг. Тэр нь “би Юань улсын тэргүүн сайдын хойчис монгол хүн” гэдэг бичиг. Энэ нь Юй овогтын олон зууны зовлон зудгүүр туулах эрч хүч, удам угсаагаа бат санах хатуу чанга цааз-гэрээс болжээ.”

Маотай буюу могойтой архины тухай

Өнөөгийн Маотай сууринд тухайн үед Юань улсын цэрэг ирэхэд тэнд нэг дөрвөлжин худаг байсан бөгөөд ойр хавь нь могой ихтэй байсан учраас “Могойт” гэж нэрлэсэн гэнэ. “Могойт” гэж монгол нэр сунжран сунжирсаар “Маотай” болсон аж. Угаасаа үет хэл, хятад ханзаар “могойт” гэж бичих боломжгүй юм. Улмаар тэр худгийн усаар нэрсэн архи хэрхэн алдаршсан учир шалтгаан нь бүр 1915 онд холбогдоно. Тэр жил Панамд орон орны шилдэг бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчлах олон улсын хурал болж гэнэ. Хятадаас Маотай архиар оролцсон ч тухайн үеийн боодол баглаа зэргээсээ болоод өндөр үнэлгээ авч чадаагүй байна. Тэгэхээр нь Хятадын төлөөлөгч хурлын танхимд архиа хага савчхаад яваад өгчээ. Гэтэл хоёр дахь өдөр нь хурлын танхимаас архины үнэр гарахгүй байж. Хүмүүс энэ сайхан үнэр юуных вэ хэмээн асууж, учрыг олж мэдсэнээр тоохгүй байсан Маотайг ховор сайн архи гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тус газрын ус ийнхүү архи нэрэхэд онцгой байдгийн учрыг хотгор газрын агаарын онцлог гэж үздэг байна. Тиймээс Гуйжоугийн таван амт бүрдсэн, Маотай архийг өөр газар хийж чаддаггүй, хэзээ ч давтагддаггүй ажээ.

“Орон гэргүй учир гахайтайгаа хашаанд хонодог байлаа”

Гуйжоуд ирсэн гурав дахь өдөр дээр өгүүлсэнчлэн тус мужийн Үндэсний соёлын нийгэмлэгийн Монгол соёл судлалын зөвлөлийн хурал болж, 100 гаруй монголчууд цугларсан арга хэмжээнд бид очиж оролцлоо. Амгаа ах, орчуулагч Цолмон бид гурав эртлэн босоод, Гүй-Янаас холгүй нэг сууринд очиход хүмүүс хэдийн цугласан, хөл хөдөлгөөн ихтэй байв. Настай голдуу цөөхөн хүн үндэснийхээ хувцсыг өмсөж, залуус энгийн хувцастай иржээ. Хурлын албан ёсны арга хэмжээ өндөрлөж, зочдоо танилцуулахад Өвөр Монголоос ирсэн Цолмон хийгээд Монгол улсын намайг тэр 100 гаруй хүн гайхан сонирхож байна гэж жигтэйхэн. Том заалны бүр арын ширээнийхэн хүртэл босож ирээд харах нь хөгжилтэй. Цолмон маань дуучин, дээр нь морин хуур тоглодог учраас хүмүүс бүр ч шимтэн үзэж, монгол дуу, хуур сонссондоо баярлаж хөөрсөн нь илт. Бүр хүүхдээ дагуулж ирээд шавь оруулахыг хүссэн ээж хүртэл түүн дээр очив. Би өнөө л цайны ганц дуугаа дууллаа. Ер нь аяллын төгсгөлд тэр дуугаа нэлээд дажгүй дуулдаг болоод ирсэн шүү.

Энд ирсэн дээрээ энгийн нэг монгол угсаат айлын амьдрал ахуйтай танилцахаар ах дүү Юй овогтныд очлоо. Ер нь эндхийн монголчууд голдуу уулын бэлээр амьдардаг аж. Учир нь өнөө л түүхийн хүнд цаг үед зугтаж, дүрвэж явахдаа ууланд хоргодон тэндээ суурьшсан хэрэг. Тэднийд очих замд монгол аялал жуулчлалын баазаар орж сонирхуулав. Монгол гэрүүд, Чингисийн найман шарга морины хөшөө, мөн есөн хөлт цагаан туг байна. Тус баазын менежер эмэгтэй монголоор чөлөөтэй ярьдаг, Өвөр Монгол хүн. Тэнд сүүтэй цай, ааруул, бяслаг идээд, хөлс гартал Амгаа ах: -Одоо л нэг жинхэнэ хоол идсэн хүн шиг байх чинь гэж цаашлуулав. Үнэндээ тэнд бараг бүтэн данх шахуу сүүтэй цай ганцаараа уусан байх. Өөрөө ч тэгж их цайсаж явснаа мэдсэнгүй. Алс Гуйжоуд сүүтэй цай ууна гэж төсөөлсөн ч үгүй. Ийнхүү сайхан цайлж аваад, зорьсон айлдаа очлоо. Юй овогтныд 78 настай хөгшин байна. Тэрээр хоёр хүү, нэг охинтой. Охин нь Өвөр Монгол хүнтэй суугаад тэндээ амьдардаг аж. Хоёр хүүгийнх нь хажууд нь байх бөгөөд Юньнанийн монголчуудтай адил байшингаа өргөтгөөд завгүй байв. Чи Ян эмээ Монголоос ирсэн гэдгийг маань сонсоод баярлан, гараас хөтлөөд: -Одоо хаачих уу гэх нь яг л хүүхэд шиг.

Эмээгийн нутгийн аялгыг дээрх хурлаас туслалцахаар хамт ирсэн, оюутан охин Юй Хэн надад орчуулж өгнө. Заримдаа өнөө охин ч ойлгохгүй үе гарч, эмээ бид гурав нулимсаа гартал инээнэ. Гэлээ ч эмээгийн зүрх сэтгэлийн үг яаж ийгээд уншигдана. Хэдийгээр хүүхдүүдийнхээ дэргэд суудаг ч ганцаарддагаа, өдөр тутмын ажилдаа их ядардаг болсон гээд тэр болгон хүнд яриад байдаггүй болов уу гэмээр тунирхлаа хэлэх нь хэчнээн дотночилж буйг илтгэнэ. “Хуучин цагт өлсөж цангахын зовлон их үзсэн. Өөрийн гэсэн орон гэргүй болохоор гахайтайгаа хашаанд хонодог байлаа. Одоо бол сайхан амьдарч байна. Газрыг маань төр худалдаж авч, гүүр барьж байгаа” гэх зэргээр хуучилсан. Нээрээ л хажууханд нь уул дамнасан асар том гүүрэн зам барьж байна билээ.

Гуйжоугийн монголчуудын Юньнанийн монголчуудаас ялгагдах онцлог нь гэвэл газар тариалангаас гадна мал аж ахуй эрхэлдэг юм байна. Түүний ах 80 настай Юй Чи-Ян тэднийхээс холгүйхэн сууна. Бас л сайхан орон сууц бариад төвхнөчхөж. Чи-Ян гуай гэрийнхээ үүдэнд нарлангаа: Урьдынхыг бодвол амьдрал их өөрчлөгдсөн. Сайхан л амьдарч байна. Үүнээс илүү юу хүсэх вэ дээ гээд толгой хаялан ярих. Бидэнтэй хамт тус хэсгийг хариуцсан дарга Юй Яа болоод Амгаа ах хамт явсан тул Чи-Ян гуай хүн ирсэн дээр нь гэсэн шиг ам хуурайгүй элдвийг ярилаа. Хэл сайн нэвтрэлцдэгсэн бол сайн ярьдаг хүн юм даа гэсэн шүү юм бодохоос хэтэрсэнгүй. Салах ёс хийх болоход Юй эмээд дотночилж хэлэх үгээ олж ядахдаа, хүзүүн дэх гинж рүү нь заан: -Энэ зүүлтийг хэр удаан зүүж байгаа вэ гэтэл: -Мартчихжээ. Бараг надтай хамт өтөлж байна хэмээн инээв.

Угсаатан судлаач Хас-Эрдэнэ “Удмын эрэл” нэвтрүүлгээр ярихдаа: “Газар бүр тархан суусан монголчуудын орчин нөхцөл, аж амьдрал өөрчлөгддөг ч халуун дулаан сэтгэл нь өөрчлөгддөггүй” хэмээсэн нь аяллын туршид зүрхэнд имрэгдэж явлаа. Хэдийгээр тэдний гадаад байдал, хэл соёлоор монгол гэж танихын аргагүй ч зүрхнийхээ гүнд монгол гэдгээ санан санан явдаг нь гэрийн цадиг, угийн бичгээ сайн хөтөлдөг, түүнийгээ үр удамдаа өвлөж үлдээдгийнх болов уу. Магадгүй олон зуун жил зовж, зольж авч үлдсэн монгол гэдэг үндэс угсаа нь учраас тэр хэмжээнд үнэ цэнтэй байдаг биз ээ.

Үргэлжлэл бий...

Д. Пүрэвсүрэн

2021.11.14

Эх сурвалж: https://www.presscenter.mn/lifestyle/aylal/2-2

 

 

Төстэй мэдээ