Нийтлэл, Цаг үеийн

Хятад дахь аян замын тэмдэглэл 1: Хүний нутагт өөрийн нуураа сахиж үлдсэн Монголчууд

Хятадын хаа байсан урд зугт Монгол нэртэй нуурын хажууд алсыг харуулдан суухуйд түүхийн чинадад ямархан үйл явдал энд өрнөснийг мэдэхийг үнэхээр их хүснэ. Түүхийн тэр олон гашуун үнэнг нүдээр үзэж, олон олон монгол хүний зовлонт нулимсыг угааж өгснийх нь төлөө, бас монгол нэртэйнх нь төлөө өвөрт багтдагсан бол аваад нутаг буцмаар санагдана.

Зүгээр ч нэг мөрөөрөө аялчихгүй, Хятад дахь монголчууд амьдардаг газруудаар очиж, тэдний амьдралтай танилцангаа аялах “үндсэрхэг” бодол хаанаас төрснийг бүү мэд. “Эврика” гэдэг шиг нэг л өдөр гэнэт ийм санаа төрөөд, тэрхүү сэтгэл хөдлөлөө халуун дээр нь Хятадын олон улсын радиод ажилладаг Болдоо ахад хэлтэл дэмжээд зогсохгүй, санаанд оромгүй санал тавив. “Яг наадахтай чинь холбоотой номыг Элчин сайдын яамнаас гаргахаар ярилцаж байгаа. Хэрвээ чи үнэхээр тийм сонирхолтой байгаа бол оролцож болно” гэдэг юм байна. Ингээд алга хөрвөхийн дотор миний дэрвүүн бодол Хятад Монголын дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд гарах ном болоод явчихав аа. Анхны санаанаасаа өөрөө ч айх шиг болов. Гэсэн ч “Бодож суухаар хийж эхэл” гэдэг үг гайхалтай хурдан хэрэгжиж, эхний аяллын тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцахад бэлэн болоод байна.

Хэлний төвшин маруухан, ганцаараа аялсан туршлага нойл хэрнээ өөртөө томдсон зорилго өвөртөлчихсөн амьтан Бээжингээсээ гаралгүй төөрч, нисэх онгоцны урд буудал руу явдаг автобусны буудлаа нэлээд юм болж олов. Очих газрынхаа тухай байду (baidu.com хятадын хайлтын хуудас) –гийн мэдээллээс цаашгүй хэрнээ монгол хүнээ олж уулзана гэдэгтээ хормын ч эргэлзээгүйгээр Хятадын өмнө зах болох Юн Нань руу нисэж байгаа юм.

“Бид тал нутгаас ирсэн”

Дундаа сэлгэдэг нислэгийг мэдэлгүй буруу газар бууж үлдэхийг завдсаныг эс тооцвол, зорьсон газраа амжилттай хүрлээ. Орой ирсэн тул эндээ хоноод маргааш монголчууд амьдардаг газар руу явахаар цахимаар захиалсан буудал руугаа очлоо. 36-хан юанийн буудал олсондоо баясан очтол лифтэнд таарсан эмэгтэй “Энд битгий хоно. Ойрхон аятайхан буудал бий” гэж ятгаж гарав. Нэгэнт төлбөрөө төлснөө хэлээд буудлын хүн рүү эргэлзэнгүй залгатал эрэгтэй хүн утас авч байна, бүр ч эвгүй болоод явчихлаа. Гаднаа ямар ч хаяггүй, нийтийн орон сууцны гурван давхарт, эрэгтэй хүн дээр орох гэж яваа гэсэн үг. Буцаж буугаад байрны харуулаас асуулаа.

-Энэ яг буудал мөн үү, ах аа?

-Мөн мөн. Эзэн нь нэг өндөр эрэгтэй хүн байгаа биз дээ?

-Айгаад оролгүй буцаад ирлээ.

-Санаа зоволтгүй. Хоёр жил гаруй болж байгаа, найдвартай газар.

Нэгэнт орой болчихсон, бас мөнгөө төлчихсөн тул эргээд орлоо. Дунд эргэм насны, халмаг эр хаалга онгойлгож байна. “Өө хөөрхий бүр архи уучихаж” гэж мэдэхийн зэрэгцээ эргэж хэрхэн зугтаж гарах тухай бодож эхэлж байгаа юм. Харин өнөө хүн найрсагаар “Манайд хонож байгаа анхны гадаад хүн чи болж байна. Чи хүсвэл ганцаараа байх өрөөнд орж болно, эсвэл хоёр давхарт нийтийн өрөөнд хонож ч болно” гээд ганц хүний өрөөг үзүүлэв. Өрөө гэхээсээ нэг булан бөгөөд даавуугаар хаалга хийж тусгаарласан байх аж. Энэ хүртэл буцаж гарах тухай бодсоор л байсан хэрнээ “Нийтийн өрөөг нь үзье” гээд зогсоод байгаа юм аа, бас. Аз болж 6 хүний нийтийн өрөөнд 5 хятад охин хичээлээ хийж хонож байгаатай таарч, тэнд хонохоор шийдлээ. Сургуулийнхаа байранд ч ганцаараа хонохоос айдаг хүн чинь замд аль болох хүн бараадаж хонох бодолтой явсан маань ч санаснаар боллоо.

Ийнхүү санасныг бодоход сайхан амраад, Тонхай хэмээх газар руу хөдлөв. Өмнө нь ярилцсан ёсоороо Күнминд (Юн Нанын нийслэл) амьдардаг Адис эгчтэй галт тэрэгний буудал дээр уулзахад, тэрээр Тонхайд очоод монголчууд амьдардаг Син Мэн Хиан тосгонд хэрхэн хүрэхийг цаасан дээр зурж тэмдэглэсэн байв. Тонхайд буугаад л, Адис эгчийг ажил болгож, явах замыг маань зурж өгсний учрыг ойлгов. Хот газар шиг тэмдэглэгээ болоод нийтийн унаа байхгүй, газар тариалан дундах таг хөдөө газар ирснээ мэдсэн ч сонирхолтой байлаа. Цаасан дээрх зургаа харж, зүгээ баримжаалж явсаар уулын бэл хэсэгт орших Син Мэн Хиан тосгонд ирлээ. Монголчууд амьдардаг газар гэдэг нь ч мэдэгдэхүйц монгол бичиг бүхий хаягууд байх нь сэтгэлд дотно.

Ирэхээсээ өмнө энд багшилдаг өвөрмонгол багш нартай холбогдох гэсэн ч чадаагүй тул тосгоны захиргаанд шууд очив. Захиргааны хүн харин музейн ажилтан Жао Чин Ли эгч дээр хүргэж ирлээ.

Хүний хөл харьцангуй бага ч энэхүү музей байнгын ажиллагаатайгаас гадна Жао Чин Ли эгч үзмэрээ үнэхээр сэтгэлээрээ тайлбарлана. “Таны яриаг би сайн ойлгодоггүй ээ. Энд байдаг өвөрмонгол багшаар орчуулга хийлгэе” гээд байхад л “Эхлээд ерөнхийд нь тайлбарлачихья” гээд хагас өдрийн турш музей төдийгүй ойр орчмынхоо түүх дурсгал бүхий газруудыг булан тохой үлдээлгүй танилцуулав. Син Мэн Хианы монголчууд Юн Наны монгол хэлтэй, би Монголын монгол хэлтэй, музейн эгчийн хятад хэл Юн Нань аялгатай буюу миний сураад байгаа стандарт хятад аялгаас эрс өөр гээд хэлний бэрхшээл алхам тутам гарах ч тэд үүнийг тоож байгаа юм үнэндээ алга. Хэзээний ижил хэлтэй хүмүүс шиг дуржигнатал яриад, эелдэг инээмсэглэх нь хөгжилтэй. Гэхдээ Хятадаар тон бао буюу эх орон нэгтэн гэдэг халуун дотно сэтгэл уулзсан хүн бүхэнд байсан нь хэлний ялгааг үл анзааран биенээ мэдрэх зүрхний нарийн жишим болж байлаа.

Мөн дуу гэгч дэлхий нийтийн хэл гэдэг. Музейн эгч маань хэдийдээ ч хүмүүс цуглуулчихсан юм, оройн хоол иднэ ээ гээд дагуулаад явсан, ширээ дүүрэн хүн угтаж байна. Монгол хүн ирсэнд баярлаж хөөрч бас сониурчирхаж хачирхсан нь илт. Тэд “Бид тал нутгаас ирсэн” гэдэг дууг хэдийгээр хятадаар дуулж байгаа ч эх нутгаа санасан, өнчирсөн сэтгэлийн өнгийг хэн ч сонссон танихаар. Тойргийн дагуу над дээр дууны дугараа ирж дуулахад, тэд бас үгийг нь мэдэхгүй ч гэлээ зүрх сэтгэлээсээ сонссон. Түүгээр зогсохгүй,

-Дахиад нэг дуу дуулчих.

-Би өөр дуу бүтнээр нь сайн санахгүй байна аа.

-Зүгээр зүгээр, чи бодож байгаад санахаараа дуулчих. Бид хүлээж байя.

гээд ширээ тойрсон 20-иод хүн чив чимээгүй хараад суучихаар бас барьц алддаг л юм билээ. Найранд гурван дуутай байхын чухлыг тэгэхэд ойлгосон.

Жао Чин Ли эгч үзүүлэх ёстой газруудаараа оруулж дуусаад гэртээ урив. Нөхөр нь гэж хундагатай архи шахаж байгаа юм шиг цайгаар шахдаг, сайхан зантай хүн байна. Үхрийн нүд шиг аягатай цайг ганц балгаад газар тавив уу, үгүй юу хийж өгсөөр хөлсөө бурзайтал сайхан цайллаа. Хятадад биднийг ирэхэд сургуулиас шууд хятад нэр өгчихдөг бол эндэхийн монголчууд өөрсдөдөө монгол нэр өгсөн хүн цөөнгүй. Жишээ нь энэ айлын нөхрийг Үйлс, Жао Чин Ли эгчийг Гарал гэдэг. Тэднийд цайлж дуусаад ярилцсан ёсоор Гарал эгчийн хамаатны эгч болох Хуа Жиан Шаны гэрт хонохоор гарлаа. Ойрхон учраас алхангаа ойр зуурын байшин барилгын түүх болоод тааралдсан хүмүүстэйгээ “Монголоос ирсэн хүн” хэмээн сониучирхан танилцуулсаар явав. Хятадын хаа сайгүй таардаг шиг гудамжний бүжиг энд бас болж байна. Ялгаатай нь энд цугларсан настай хүмүүс бүгд үндэсний хувцастайгаа. Холоос ирсэн нутаг нэгтэн нь гэж танилцуулахад тэд хамт бүжиглэхийг урьж, тэнд инээд хөөр болж баахан саатлаа. За одоо л харих байх даа гэтэл бас болоогүй, өөр нэг бүжиглэж байгаа хүмүүс рүү дагуулж авчирав. Энэ нь түрүүнийхийг бодоход ямар нэг арга хэмжээнд зориулан бэлдэж байгаа албан ёсны зүйл бололтой. Музейн эгч маань энэ бүжигт оролцож байгаа юм байна. Ерөөсөө энэ байшингаар дүүрэн эрэгтэй эмэгтэйгээрээ ялгараад урлагийн ямар нэг үзүүлбэр бэлдсэн хүмүүс. Үдшийн 21:00 цаг болж байхад, Син Мэн Хианы амьдрал ид буцалж байв.

Ийнхүү эхний өдөр туйлын завгүй өнгөрөв. Надад зориулаад тусгай хөтөлбөр зохиожээ гэж эндүүрэхээр олон зүйлд нэг өдөр оролцоод амжчихдаг юм байж. Орой нь орондоо орж юу болоод байгаагаа бодож амжихтай болсон үедээ л “Эдний өдөр тутмын амьдрал угаас ийм буцалж байдаг юм уу, эсвэл ийм үед нь ирж таарсан юм болов уу” гэж бодов. Эндэхийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг нь хэдийгээр хятад хүмүүсийн нэгэн адил боловч, сэтгэл хөдлөл ихтэй, дууч хуурч, юмыг шууд хэлчихдэг нэг тийм монголжуу зан байна. Ийнхүү хэнтэй уулзах, хэрхэн хүлээж авах тухай ямар ч төсөөлөлгүй ирсэн хэрнээ удаан очоогүй хөдөө гэртээ харьсан мэт дотно мэдрэмжээр хучин унтлаа.

Юн Наний монголчуудын амьдралыг тэтгэгч Чулуут нуур

Юн Наний монголчууд төдийгүй Тонхай хэмээх манайхаар бол нэг аймгийнхний амьдралыг тэтгэгч энэхүү нуур Чулуут гэдэг монгол нэрээрээ үлдсэн нь гайхалтай юм шүү. Гэтэл 300 гаруй жилийн түүхийн туршид энэ нуурын эрэг дээрх монголчууд монгол хүн болж төрснийхөө төлөө хавчигдан гадуурхагдаж, удам судраа хүртэл нуухаас аргагүйд хүрч явсан байдаг. Нүүдэлчин удамтай ч амьдрахын эрхэнд нуураа бараадан загасчилж, амьд үлдсэн гээд Чулуут нууртай амин холбоотой, сэтгэл өвдөм түүх байдаг юм билээ. Энэ тухай доор тусдаа өгүүлнэ.

Син Мэн Хианд очсон эхний өдөр Гарал эгч хөтөч хийсэн бол хоёрдахь өдөр нь Үйлс ахтай Чулуут нуур үзэхээр явлаа. Замдаа хоёулаа усан үзмийнхээ талбайг эргэж, хогийн ургамлыг нь түүж, усалчихаад, цааш хөдлөв. Энэ нуурын тухай зөвхөн сонссон төдий байсан учраас яагаад ч юм Чулуут нэртэй, уулын бяцхан горхинд очно гээд бодчихсон явав. Монголд ийм нэртэй гол байдаг болохоор ч тэр үү нуур гэсэн ханзыг нь ер анзаарч уншаагүй аж. Гэтэл нүд алдам цэлийсэн том нууранд яваад оччихдог юм байна. Эндэхийнхний амьдрал нууран дээрээ тогтдогийг эрэг дээр нь очсон даруй л мэдэгдэв. Нуураа тойруулаад битүү тариалангийн талбайтай, эргээ дагаад загасчлал, аялал, амралт, түүнийг дагасан худалдаа наймаа гээд тэдний амьдрал хором бүхэнд нууртайгаа холбогдож байна.

Хятадын хаа байсан урд зугт монгол нэртэй нуурын хажууд алсыг харуулдан суухуйд түүхийн чинадад ямархан үйл явдал энд өрнөснийг мэдэхийг үнэхээр их хүснэ. Түүхийн тэр олон гашуун үнэнг нүдээр үзэж, олон олон монгол хүний зовлонт нулимсыг угааж өгснийх нь төлөө, бас монгол нэртэйнх нь төлөө өвөрт багтдагсан бол аваад нутаг буцмаар санагдана.

700 жил монгол гэдгээ нууж амьдарсан гашуун түүх

Юн Наний монголчуудын өр өвтгөм, самсаа шархирам түүхийг эрдэмтэн Чинбай гуайн ярьснаар энд буулгая. Тэрээр Юн Нань дахь монголчуудад монгол хэл бичиг заахаар Өвөрмонголоос очиж байсан анхны багш нарын нэг юм билээ. Түүнтэй биечлэн уулзаагүй ч утсаар холбогдож, энэхүү материалыг авсан билээ.

Монголчууд энд анх гурван боомт гаталж, найман цайз нурааж ирсэн гэдэг. Тэдний нэг болох Өтөл боомтыг сахиж суусан монголчуудын үр удам бол Юн Нань дахь монголчууд. Тэнд нэг домогт худаг бий. Өндөрлөг газар худаг байна гэдэг сонирхолтой, Хубилай хааны 10 түмэн цэрэг энд ирэхэд усгүй байсан бөгөөд хүн малгүй харангадахын даваан дээр Хубилайн унаж явсан саарал морь туурайгаараа газар цавчсаар ус гаргасан гэдэг домог байдаг. Тус газар урагш нэвтрэх гол боомт учраас Хубилай итгэлтэй хүн болох Алдтөмөрийг захирагчаар суулгажээ. Түүнийг захирагч болсноор хүн ам олширч, сургууль ч бий болсон нь цэргийн болон бичиг соёлын нэг төв болж өргөжив. Гэвч Юань улс мөхөхөд Юн Наний монголчууд хүйс тэмтрэгдэж, амь гарсан нь амьдрах нутаггүй болж, өдөр нь Чулуут нууранд загас агнан амьдарч, үдэш нь нуурийн хөвөөнд өвсөн овоохой барьж амиа аргацааж байжээ. Сүүлд нь гурван тосгон болж бүрэлдээд, нийтэд загасчны гурван тосгон гэж алдаршив. Өөрийгөө монгол гэж хэлж болохгүй болохоор казу үндэстэн гэж нэрлэсэн байна. Гэтэл хятадууд тэр овгийг нь ч хүлээн зөвшөөрөхгүй, нэргүй үндэстэн буюу ямар нэг үндэстэн гэж тооцдоггүй байв. Хүнд бэрх амьдралаас болж, зарим нь хятад үндэстэнд ууссан бол зарим нь уулаар бүгэн амь зогоож, үндэс угсаандаа үнэнч үлдсэн гэдэг.

Тэд хэдийгээр монгол гэдгээ нууж далдалсан ч хуучны бичиг сурвалж болон хөшөөн дээрх чулуун тэмдэглэлийг үр хойчдээ өвлүүлж, захисаар ирсэн. Мөн өөрийн гэсэн газаргүй тул хятад тариачдын газрыг өндөр үнээр түрээслэн, хажуугаар нь загас агнан мөнгө олж, мөр цоорхой, гэдэс өлсгөлөн өдөр хоногийг аргацаадаг байв. Агнасан загасаа идэхээс хайрлаж, ам хүнс хольж арвижуулж иддэг байв. Мөн хятадуудын тарианы үлдэгдлийг дахин цэвэрлэж иддэгийг нь хятадууд дооглон ярина. Түүнчлэн “Өвсөн гэр нь нурж, өндгөн тогоо нь хагарна” гэж мэтээр доромжилж ярьдаг байв. Нэг зуны их гантай жил Чулуут нуур татарч, татарсан газарт нь монголчууд тариа тарьж эхэлсэн байна.

Юн Нань монголчууд нөхчсөн хүнээ тавих газаргүй учраас 60,70 хүнээ хамт оршуулсан нь ч байдаг. Тэд түүхийн урт удаан хугацаанд ноёрхогч байснаа дарлагдагч болж, модчин загасчин барилгачин болж үзэв. Эрчүүд нь байнга ойр орчмын газар очиж, хүнд хөдөлмөр хийж байв.

Хятад улс чөлөөлөгдсөний дараа ч Юн Наний монголчуудын хувь заяа бусад газрынхнаасаа илүү гашуун байсан. 1954 онд ам будаа бэлтгэх нормыг их өндрөөр тогтоож, биелүүлж чадаагүйд нь ял өгч, эрүүдэн шийтгэх нь ч байв. Бас монголчуудын үе дамжиж хадгалж ирсэн үнэт эдлэлийг хүчээр улсад тушаалгасан.

1957 онд өндөр нормтой татвар оргилдоо хүрснээс монголчууд өмсөх хувцас, идэх хоолгүй болж, өвсний үндэс, хээрийн ногоо зэргээр амь зогоож байв. Энэ үед олон хүн өлбөрч үхсэн. Ван Фү Лү хэмээх монгол хүн ардын чөлөөлөх дайнд явж, дараа нь Солонгосын дайнд оролцсон гавьяат дайчин байв. Түүнийг гэртээ ирэхэд 300 гаруй хүн өлбөрч үхсэн байсныг харж, намын төв хороонд захидал бичсэн. Төв хорооноос асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн бичиг орон нутагт нь өгсөн ч удирдлага нь хятад хүн байсан учраас тоож үзээгүй. Улмаар Ван тэргүүтэй 14 халагдсан цэрэг тэмцэл хийсэн. Өрх бүрт ухуулга хийж, олон нийтийг уриалсан. Гэвч нутгийн удирдлагууд үүнийг хүчээр дарж, Ван Фү Лү зугтааж, Күнминд ирсэн ч баривчлагдсан. 14 хүний хоёрыг нь хөнөөж, бусдад нь бүх насаар нь эсвэл 20 гаруй жил хорих ял оноосон. Тэдний гэр бүлийг ч хүнд байдалд оруулсан. Вангийн ээжийг тамлаж, эхнэрийг нь гэрээс нь хөөж, гэрийг нь нийтийн эзэмшил болгосон гэх мэтээр ар гэрийнхэн нь насаараа зовсон.

Мин улсын үед монгол гэдгээ нууж, өөрсдийгөө казу үндэстэн гэх болсон үедээ үг хэлээ ч өөрчилж эхэлсэн. Улмаар 700 гаруй жилд монгол хэл үндсэндээ өөрчлөгдсөн. Өргөлтгүй ярьдаг байснаа хятад хэлийг дуурайж өргөлттэй хэлдэг болсон. Гэхдээ хүүхдүүд нь сургуульд ортлоо хятад хэл мэддэггүй, эмэгтэйчүүд нь бичиг үсэггүй учраас өөрийн хэлээрээ л хоорондоо ярихаас хятадуудтай ойлголцож чаддаггүй, мэддэггүй чигээрээ дууссан.

1960, 70 –аад оноос сая өөрсдийгөө монгол болохоо нууж хаалгүй зарласан юм. Тэр үеэс өвөрмонголчуудтайгаа харилцаж эхэлсэн. Анх таван Өвөрмонгол ирж дуу бүжиг зааж өгсөн. 1989 онд Өвөрмонголоос хэл бичгээ сэргээх зорилготой хоёр багш авчирсан нь Дарьсүрэн, бид хоёр. Юн Нань монголчууд монгол хэлээ сэргээх хүсэл их байсан ч багагүй бэрхшээлтэй тулгарсан. Насанд хүрэгсэд нь ажил ихтэй, сурагчид хятад хэл болон гадаад хэл сурч байгаа учраас монгол хэлийг нэмж заах нь тэдэнд дарамт болж байсан.

Юн Нань монголчууд дууч хуурч ард түмэн. Дуучаасаа болж хятадуудад хөнөөлгөж байсан ч түүх байдаг байна. Дуулж баясаж байгаад нь атаархсан хятадууд нүх ухаж тэднийг амьдаар нь хийсэн ч тэндээ дуулсаар үгүй болсон гэдэг яриа байдаг аж. Тэднийхээ дурсгалыг хүндэтгэн тэр газарт нь очиж дуулдаг байжээ. Юн Наний монголчууд бас их домог ихтэй. Тэднээс Адлаа сахиусын түүх хамгийн алдартай нь. Хятадууд ч өөрийн домог мэтээр их ярьдаг. Адлаа нь хур бороо оруулдаг, ид шидтэй хүн байсан тухай гардаг.

Соёл, уламжлал: Тэд хүүхдээ багаас нь урагладаг. Эрэгтэйчүүд нь амьдралын эрхээр хол ажиллахаар явдаг ч багаасаа урагласан хүн байдаг учраас эргэж ирээд түүнтэйгээ суудаг. Энэ нь цөөн тоот үндэстний хувьд удам угсаагаа авч үлдэх нэг арга байсан. Хэрэв эмэгтэй нь өөр үндэстэнтэй суувал төрхмөндөө ирэхийг нь хориглодог байв.

Хятадуудын хядлагаас зугтаж, ууланд гарч явахдаа нарс модны мөнх ногоон мөчрөөр хүмүүсийнхээ цусыг хучин далдалж амь гарсан гэдэг. Түүнээс хойш хурим найраараа нарсны мөчрийг дээдлэн хүндэтгэдэг болсон.

Ийнхүү 700 жилийн турш үндэстнээ зөвшөөрүүлж чадахгүй явсан тэд 1986 онд Тонхай мужийн 31 өрх монгол үндэстнээ сэргээх хурал хийв. Улмаар 1988 онд Син Мэн Хиан буюу сэргэн мандсан монгол бригад гэдэг нэршилтэй, бие даасан статустай болжээ.

Өдгөө Юн Наний дундаж монгол айл гурван давхар хувийн байшинтай

Өдгөө Син Мэн Хиан тосгонд 5600 гаруй монгол хүн амьдардаг. Тэд Өвөрмонголчуудтайгаа их ойрын холбоотой. Өвөрмонголд болдог урлаг соёлын арга хэмжээнд их идэвхитэй оролцдог, түүнийгээ ч олзуурхан ярина. Хоёр өдрийн турш Үйлс ах, Адис эгч хоёрыг даган явж байгаад, орой болохоор Хуа Жиан Шан эгчийндээ хонохоор явна. Тэгэхэд хэн нэгэн нь мотоциклоороо дөхүүлээд өгч болох байхад Үйлс ахынхан гэр бүлээрээ, дээр нь ирсэн зочид нь бүгд хүргэж өгөх нь хөгжилтэй. Гудамжаар нэг дуу хууртай хүмүүс ар араасаа цувралдан, тасралтгүй ярьж хөөрсөөр явцгаах нь сумын клубын бүжгээс тарж яваа залуус мэт. Бас болоогүй, замдаа нэгнийхээрээ орж, бэлэг солилцож, цайлна. Энд төдийгүй ер нь Хятадад цай шиг чухалд тооцогддог хийгээд өдөр тутмын хэрэглээ болгосон зүйл алга аа. “Энэ цай бол тэндээс авчирсан, тийм ид шидтэй” гээд цайлахын өмнө ёс юм шиг магтана. Юн Нань, Гүйжовт ч очсон тэр.

Үдшийн 24 цагтай уралдан ороход манай хоёр хөгшин хүүгээ ирэхийг хүлээж байгаа улс шиг цомцойтол сууж л байна. Унтаж байхгүй гэхээр “Бид угаасаа орой унтдаг юмаа” гэнэ. Хуа Жиан Шан эгчийн хөгшин нь хөгжимд дуртай хүн бололтой. Нэг навчит өвс өгөхөөр нь ид л гэж байгаа юм байх даа гэж бодож суутал хөгжим гэнэ. “Ингэж тоглодог юм” гээд навчийг нь дугариглаж байгаад үлээж үзүүлэв. Исгэрэхтэй адил дуу сонсогдож байна. Тэгснээ манайхнаар бол касио хөгжим хаанаас ч юм бариад ороод ирлээ. Би бас тоглож чадахгүй л гэлээ. Өвөө нэг хуруугаараа дарах хэрнээ хөөрхөн ая тоглочихож байна. Хуа Жиан Шан эгч тэр хооронд хөлөө угаа гээд түмпэнтэй халуун ус бэлдээд, шинэ алчуур, шинэ улавч гаргаад тавьсан байв. Бүр “Энд өдрөөр малгайгүй явж болохгүй. Энийг өмсчих, шинээрээ байгаа” гээд нарны малгай хүртэл өгөх юм. Настай улсад төвөг удаж байгаадаа санаа зовоод болдоггүй.

Эндэхийн айлуудад хувийн орон сууцжих аян өрнөж байна уу гэлтэй, барилгын ажил хаа сайгүй өрнөж байна. Гэхдээ онцлог нь манайхан байшингаа барьж дуусчихаад нүүж ордог бол эндэхийнхэн байшингаа ч бариад, тэр дундаа ч амьдарсаар л байх нь гайхалтай. Хуа Жиан Шан эгчийнх гэхэд нэг давхраа барьж дууссан бөгөөд тэндээ амьдардаг, хоёр давхрынхаа шатыг бариад орхисон, гаднаа баахан шороо овоолсон байх жишээтэй. Тэр ундуй сундуй байдалдаа тээршээдэг ч үгүй улс юм. Харин Үйлс ахынх гурван давхар байшингаа таван сарын турш барьсан гэнэ. Давхар тус бүрийнх нь квадрат метр маш том. Тэрээр “Байшингаа барьж дуустал их зүтгэсэн. Одоо нэмж хийх цөөхөн юм байгаа. Гэхдээ ажил үүгээр дуусахгүй. Хүүгээ тусад нь гаргах гэж том ажил бий. Охин маань өнгөрсөн жил хүнийх болсон” хэмээн хуучилсан юм. Эндэхийн монголчууд айл хөршөөрөө нийлээд л миний чиний гэхгүй байшингаа хамтдаа барьчихдаг юм байна. Арга ч үгүй биз дээ, Чулуут нуурынхаа энэхэн өндөрлөгт хэдүүлэхнээ амьдардаг болохоор амь нэгтэй байхаас яахав.

Энэхүү орон сууцжих үзэгдэл зам зуурын газруудаар болоод Гүйжовт хүртэл элбэг харагдсанаас үзэхэд Хятадын эдийн засгийн хөгжил хувь иргэндээ хэрхэн хүрч буй жишээ гэж болох. Тосгоны наад захын айл гурван давхар байшинтай, өөрийн гэсэн тариалангийн талбайтай, ургацаасаа олдог тогтмол орлоготой.

Хоол хүнс: Юн Наньчууд могойн хоолоороо алдартайг очсоныхоо дараа ч, бүр идсэнийхээ дараа ч мэдээгүй явсаар саяхан 2014 онд хийсэн “Монголоо хайсан монгол” нэвтрүүлгээс үзсэн юм. Хуа Жиан Шан эгчийнд очсон анхны өдөр түмпэн дүүрэн урт хар юмаар дайлсан нь тэрхүү могой байсан юм санж. Дээрх нэвтрүүлгээс үзэхэд халуун тогоон дээр могойг амьдаар нь шардаг аж. Түмпэнд хийж аваачаад, халуун тогоон дээрээ хөмрөөд дарчихдаг юм байна. Могойнууд үхэн үхтлээ түмпэнг түжигнүүдсээр байгаад, тийнхүү тас хар юм болдог байх юм. Арай л харгис хийдэг хоолыг хамжааргагүй нь аргагүй идчихсэнээ бодоод эвгүй болсон шүү. Нээрээ тэд одоо хүртэл “Махаа ид”, “тамхи”, “хамаагүй” гэдэг үгийг монголоор хэлдэг юм билээ.

Эндэхийн монголчууд ийм байдаг юм уу эсвэл хятадуудын уламжлал уу эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр хоолоо хамжилцаад л хийчихдэг юм билээ. Жишээ нь эхнэр нь ногоондоо явсан хойгуур нөхөр нь бусад шарах хуурах юмаа бэлдэж л байна. Явахын урд орой Үйлс ахынд хооллох боллоо. “Чи амарч байгаарай, би ногоонд явж ирээд хоол хийгээтэхье” гээд Гарал эгчийг гарахад бараг унтаад сэрэхэд таарах байх ухааны юм бодоод хэвтээд удаа ч үгүй байтал хоол боллоо гэж байна. Дээд давхар руу гараад очтол хэдийд нь амжуулдаг байна гэмээр ширээ дүүрэн хоол. Тэднийх усан үзэм тариалдаг учраас өөрийн гэсэн усан үзэмний дарстай. Бас бус өөрсдийн тариалдаг ногооны амттануудаа сонирхуулсан.

Ийнхүү эгэл энгийн, юу байна, түүгээрээ дайлсан, сайхан хүмүүс юм, Юн Нань монголчууд. Буцах цаг болж, ирсэн замаараа инээмсэглэл тээн алхлаа. Энэхүү аяллын санаа минь маш зөв байсныг ойлгуулж, дараагийн газар руугаа итгэл дүүрэн явах урам өгсөн Юн Нань монголчууддаа баярлалаа.

Үргэлжлэл бий.

Д. Пүрэвсүрэн

2021.10.26

Эх сурвалж: https://www.presscenter.mn/lifestyle/aylal/aylal-juulchlal-2

Төстэй мэдээ