Нийтлэл, Улс төрийн

МАЛЧДЫН БЭЛЧЭЭРИЙГ КАДАСТРЖУУЛАХ НЭРИЙН ДОР ӨВӨР МОНГОЛТОЙ АДИЛ БОЛГОХ НЬ ЭЭ! \хуучин\

Одоогоос 5 жилийн өмнө буюу, 2011 онд ар өвөр монголчууд Хятадын ЭСЯ, Оюутны талбай, Чингис хааны талбай зэрэг газрууудад сүрт жагсаал цуглаан хийж билээ. Тэгэхэд бид Ар Өвөр Монгол адилхан болох нь гэсэн түгшүүр зовнилыг илэрхийлж байсан.
Тэгвэл өнөөдөр тэр нь бодит биелэл болох маш ноцтой алхам хийгдэх гэж байна. Энэ нь малчдын бэлчээр нутгийг кадастрлан бүртгэж, тэнд нь хөдөлгөөнгүй хадах ажил юм. Өвөр Монголд яг л ийм юм болсон билээ. Малжуулах бодлого явуулна, бэлчээр нутгийг нь баталгаажуулна хэмээн, үнэн хэрэгтээ МАА-г туйлын их хязгаарлан хохироох бодлого явуулж, суурьшмал байдалд оруулж, улстай хийх гэрээ гээчийг байгуулж, жирийн малчин хүний дураар нүүдэллэн явдаг нутаг бэлчээрийн өчүүхэн хэсэгт ажиллаж амьдрахыг зөвшөөрч, бусад уугуул нутаг усыг дээрэмдэн булааж, сүүлдээ янз бүрийн аян шалтгаар улстай хийсэн гэрээг цуцлав гээд газаргүй болгож, хотод очиж суухыг шахаж, тэднээс хураагдсан бэлчээр нутгийг уурхай, үйлдвэрийн ажил эрхлэх ирмэл хятад иргэдэд олгосон байдаг.
Үүнийг эсэргүүцэж, өргөн жагсаал тэр үед Ар Өвөр Монголд болж байжээ. Өнөөдөр яг л тэр бодлого Монголд хэрэгжих гэж байна. Монголын малчдад эрх чөлөөтэй нүүдэллэн явж, эзэгнэн мэддэг байсан нутгийнх нь өчүүхэн хэсгийг оноож, бусад асар их нутаг дэвсгэрийг харийнханд бэлэглэн шан хүртэж, цаашдаа тэр нутгийг нь ч малчдаас булаан, монголчуудыг гишгэх газаргүй болгон хохироох бодлого бол яг л энэ юм. Урьдын адил сонор сэрэмжгүй, амгалан тайван гэлдэрсээр байж болохгүй болжээ.
Малчдын бэлчээр нутгийг кадастржуулна гэх хорт бодлогыг эсэргүүцэцгээе! Эхлээд Монгол орны газар дээрх баялгийг сөнөөн гадагш гаргуулсан бол, дараа нь газар дорхи баялгийг харьд бэлэглэж дуусгасан, тэгвэл одоо газрыг нь гадныханд өгөх гэж байна !Тэмцэцгээе, сөрцгөөе, нэгдэцгээе!
Ч.Мөнхбаяр
2016.02.27