Мэдээ, мэдээлэл, Өвөр Монгол

"Өмнөд монголчуудад эрх чөлөө!" уриатай жагсаал 2013

"Өмнөд монголчуудад эрх чөлөө!" гэсэн уриатай жагсаал цуглаан өдгөө нэгэн цагт болж байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ч энэхүү цуглаан зохион байгуулагдаж байсан.
Өмнөд Монголд хүний эрхийн байдал огтхон ч сайжирч, өөрчлөгдөхгүй байна. Хууль бусаар монгол малчдын газрыг түрэмгийлэн булаах явдал их гарч байна. Нутаг бэлчээрээ хамгаалан тэмцсэн, Ордос аймгийн малчин Баянбаатар балмад этгээдүүдийн гарт амь насаа алдлаа. 2011 оны малчин Мэргэний эмгэнэл давтагдлаа. Гэмгүй монгол хүнийг цагдаа нар харгислан хэлмэгдүүлснээс болж, Шилийн гол аймагт цагдаа, ардуудын хооронд мөргөлдөөн гарлаа. Өмнөд монголчуудын мал сүргийг ч зэрлэгээр хороох, харгислах явдал гарсаар байна.
Улс төрийн хоригдлууд хоригдсоор, суллагдсан гэгдсэн ч, гэрийн хорионд байсаар байна. Нэрт тэмцэгч Хадаа, Хуучинхүүгийн жишээ үүнийг нотлон харуулсаар.
Өнөөдөр дэлхий дахинд уугуул иргэдийн эрхийг эрхэмлэн дээдлэх талаар маш их анхаардаг боллоо. Гэтэл өмнөд хөршид чиг хандлага эсрэгээрээ байна.
Учир иймд бид бүхэн:
1. Малчин Баянбаатарын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, буруутнуудад хариуцлага оноож, дахин ийм явдлыг давтагдуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ ав!
2. Өмнөд монголчуудын унаган нутгийг булааж, онгон байгалийг сүйтгэж, уламжлалт мал аж ахуйгаас нь хүчээр салгаж, амьдрах аргагүй болгохоо эцэслэн хязгаарла!
3. Өмнөд монголчуудын хүний эрх, үндэстний эрхийг хэрэгжүүлэн дээдэл!
4. Өмнөд монголчуудын эх соёлыг уусган устгаж буй явдлыг арилга!
5. Хадаа, Шинээ, Хуучинхүү, Наранбилэг, Содмонгол, Батзангаа, Унага, Алмас, Хөхбулаг, "Босоцгоо, миний Өвөр Монгол!" дууны зохиогч зэрэг өмнөд монгол улс төрийн хоригдлуудыг даруй сулла! гэж шаардаж байна!
"Өмнөд монголчуудад эрх чөлөө!" жагсаалд оролцогчид
Ч.Мөнхбаяр, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтэн
2013.9.8

Төстэй мэдээ