Хойд Америк дахь Морин Хуур төв өөс АНУ-д "Морин Хуурын II Наадам"-ыг өнгөрсөн 10 сарын 09-10 нд өдөр амжилттай зохион байгуулжээ. Хойд Америк дахь Морин Хуурын Анхдугаар наадам 2019 онд Мичиганы Их Сургууль дээр болж 2 жил тутамд хийхээр төлөвлөн энэ удаад Берклийн Их Сургууль дээр болсон аж. "Дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх нэр хүндтэй сургуулиуд дээр Морин Хуурын наадмаа зохион байгуулна гэдэг үнэхээрийн том ажил" хэмээн тус наадмын зохион байгуулагч Морин Хуурч Нанзаддоржийн Жигжиддорж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Сонирхуулбал АНУ-дахь хамгийн анхны Морин Хуурын Наадмыг 2019 онд АНУ дахь монгол иргэд, Монгол Улсын морин хуурын чуулга, "Хуурчийнхан" сургалтын төвийн АНУ дахь салбар, Мичиганы Их сургуулийн дэргэдэх Монголын Соёлын байгууллага (МСО)-ын оюутан залуус, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулж байв.
Монцамэ агентлагийн мэдээлснээр Морин хуурын наадмыг хилийн чанадад зохион байгуулж эхэлсэнтэй холбоотойгоор "Зүрхний чавхдас" богино хэмжээний баримтат киног гадаад, дотоодын уран бүтээлчид бүтээсэн юм. Монголчуудын бүтээж, оролцсон дээрх баримтат кино "New York flash film" фестивалийн шилдэг киноны төлөө өрсөлдөхөөр шалгарч байв. Дээрх киног Европ тивд хоёр жилийн өмнө зохион байгуулсан Морин хуурын анхдугаар наадмын үеэр бүтээсэн юм.