ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨЛИЙН ЖУРАМ

  1. Дэлхийн Монголчуудын Холбоо (цаашид ДМХ гэх) -ны Нэгдсэн Зөвлөл (цаашид НЗ гэх) нь ДМХ-ны Үндсэн дүрэм, түүнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ. Өөрийн зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
  1. НЗ-ийг ДМХолбоог үүсгэн байгуулагчид, ДМХ-ны тус тусын удирдах зөвлөлийн шийдвэр, ДМХ-ны үүсгэн байгуулагчдын хурлын даргын саналд үндэслэн байгуулна.
  2. Нэгдсэн Зөвлөлийн гишүүдийн тооны доод хязгаар 5 байна. Нэгдсэн Зөвлөл нь ДМХ-ны төлөөллийг хангасан байвал зохино.
  3. Нэгдсэн Зөвлөлийн гишүүнийг ДМХ-ны үүсгэн байгуулагч болон НЗ-ийн гишүүн 2 хүн тус тус батлан дааж мөн ДМХ-ны Удирдах Зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшүүлнэ. Нэрийг хурлын даргад урьдчилан мэдэгдэнэ. Хурлын дарга нэмж санал оруулах эрхтэй. Цаашид НЗ-ийн дарга энэхүү эрхийг хэрэгжүүлнэ.
  4. Нэгдсэн Зөвлөлийн гишүүнд батлан дааж нэр дэвшүүлэх, УЗ-ийн шийдвэрээр нэр ирүүлэх, зөвлөлийн даргын санал болгох тооны дээд хязгаар тус бүр 10 байна.
  1. ДМХ-ны НЗ-ийн ажлын хэлбэр нь хурал байна. Хурлын чөлөөт цагт НЗ нь үйл ажиллагаагаа зөвшилцөл, санал солилцох, хамтран ажиллах маягаар хэрэгжүүлнэ.
  2. НЗ-ийн ээлжит хурлыг жил бүрийн 1.3.5.9.11 сард хийнэ. Дурдсан хугацаанд хуралдах шаардлагагүй эсхүл хурал тасалдсан бол уг шалтгааны талаар НЗ-ийн гишүүдэд НЗ-ийн дарга дотоод сүлжээгээр, бичгээр болон биечлэн мэдэгдэнэ.
  3. НЗ-ийн ээлжит бус хурал хийх санаачилгыг ДМХ-ны аль нэг Тэргүүн, эсвэл НЗ-ийн 5-аас доошгүй гишүүн бичгээр НЗ-ийн даргад гаргаж болно. Дарга уг саналыг хүлээж авсан, аваагүй тухайгаа ажлын 5 өдөрт багтаан санал гаргагчид болон шаардлагатай гэж үзвэл НЗ-ийн нийт гишүүдэд мэдээлнэ.
  4. Нэгдсэн Зөвлөлийн хурлын болон НЗ-ийн даргын зөвшөөрөл, шийдвэр, чиглэлгүйгээр НЗ-ийн аль нэг гишүүн, эсвэл хэсэг гишүүн НЗ-ийн нэрийн өмнөөс олон нийтэд хандан үйлдэл, мэдэгдэл хийхийг хориглоно.
  5. НЗ-ийн гишүүний хувийн болон албаны байдалтай холбогдож үүссэн асуудлыг НЗ-ийн дарга тухайн гишүүнтэй холбогдож шийдвэрлэх чиглэл баримтална.
  1. НЗ-ийн гишүүн нь ДМХ-ны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авах, НЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлыг санаачлах эрх эдэлнэ. Хэлэлцүүлэх төсөл, саналаа зөвлөлийн даргад 72 цагаас багагүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд бичгээр ирүүлнэ.
  2. НЗ-ийн гишүүн нь ДМХ-ны Үндсэн чиглэлд нийцсэн 1-ээс доошгүй ажил, үйл ажиллагааг биечлэн хариуцвал зохино.
  3. НЗ-ийн гишүүн нь НЗ-ийн хуралд оролцох, шийдвэрийг ёсчлон биелүүлэх, тогтоосон татвар хураамжийг хугацаанд нь төлөх, хандив санхүү босголцох үүрэг хүлээнэ.
  4. НЗ-ийн гишүүнд шаардлагатай нэмэлт үүрэг, ажил, үйл ажиллагааг НЗ-өөс, ДМХ-ны удирдлагаас хариуцуулж болно.
  5. НЗ-ийн гишүүн нь энэхүү журмыг зөрчих болон ДМХ-ны Эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчимд харш үйлдэл гаргавал зохих цээрлэл, хариуцлага хүлээнэ.
  1. НЗ-ийн даргад эхний ээлжид ДМХ-ны Үүсгэн байгуулагчид 5-аас доошгүй хүн санал нийлж нэр дэвшүүлнэ. Санал нийлээгүй бол Үүсгэн байгуулагчдын дундаас нэр дэвшүүлж сонгоно. Цаашид энэ эрхийг НЗ-ийн гишүүн эдэлнэ.
  2. НЗ-ийн даргыг хуралд оролцогчдын зөвшилцлөөр эсхүл олонхийн саналд үндэслэн сонгоно. Даргыг сонгосон шийдвэрийг тус хурлын тогтоолоор баталгаажуулна. Тогтоолд хурлын протокол хөтлөгч гарын үсэг зурна.
  3. ДМХ-ны НЗ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Даргыг улируулан сонгож болно. НЗ-ийн шинэ даргыг НЗ-ийн хурлаар сонгож баталснаар өмнөх даргын бүрэн эрх дуусгавар болно.
  4. 5.4. НЗ-ийн дарга тушаал гаргаж болно. Шаардлагатай тохиолдолд НЗ-ийн дарга өөрөө болон НЗ-ийн хурлаас НЗ-ийн даргын шийдвэрийг хүчингүй болгоно.
  5. 5.5. НЗ нь дэд даргатай байж болно. НЗ-ийн даргын санал болгосноор НЗ-ийн дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг НЗ-ийн хурлаас шийдвэрлэнэ.
  6. НЗ-ийн дарга, дэд дарга нь ДМХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч байна.
  7. Нэгдсэн Зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
    1. Нэгдсэн Зөвлөлийг удирдана. НЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал, товыг тогтооно.
    2. Нэгдсэн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр санал болгосон асуудлын ач холбогдол, цаг хугацааг тодорхойлж хурлаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
    3. НЗ-ийн гишүүний хариуцсан асуудлын болон НЗ-ийн хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах.
    4. ДМХ-ны Эрхэм зорилго, Үндсэн чиглэл, зарчим, НЗ-ийн шийдвэрт нийцсэн бусад үйл ажиллагаа.
    5. НЗ-ийн гишүүний зөвлөлд орох гарах хүсэлт, шийдвэр, бүртгэл болон эрх үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал.
  1. НЗ-ийн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бусад үйл ажиллагаа. Энэхүү журмыг ДМХ-ны Үүсгэн байгуулагчдын 2021 оны 3 дугаар сарын 31-ний хурлаар батлав.

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ҮНДСЭН ДҮРЭМ

  1. Энэхүү дүрэм нь Дэлхийн Монголчуудын Холбоо (цаашид ДМХ гэх) -ны үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг мөн болно.
  2. Дэлхийн Монголчуудын Холбоо нь өөрийн эрхэм зорилго, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын, ашгийн бус олон нийтийн байгууллага юм.
  3. ДМХ нь хуулийн этгээдийн эрх эдэлж өөрийн бэлгэдэл, туг далбаа, сүлд дуу, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банкинд харилцах данстай байна. Мөн мэдээллийн хэрэгслийн боломжит бүх хэлбэрийг ашиглан өөрийн гишүүд дэмжигчид, олон нийттэй харилцана.
  1. Монголчуудын эв нэгдэл, Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
  2. Монгол бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх;
  3. Монголоо гэх Монгол хүний сэтгэл зүтгэлийн гал голомт, эвийн гэр байж, Монгол нэрийг өндөрт өргөх;
  4. Монгол Улсын болон Монгол хүн, дэлхийн Монголчуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах;
  5. Монголчуудын харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
  1. Монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны болон эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
  2. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, Монголчуудын түүх, өв соёл, бахархалд харш бодлого, үйлдэл, үйл ажиллагаатай үл эвлэрэх;3.3. Монгол хүн, Монгол үндэстний зөрчигдсөн эрх, хохирсон эрх ашгийг улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад төлөөлөх, хууль хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах;
  3. Монгол хүн, Монгол үндэстэн, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болон тулгамдаж байгаа асуудлыг судлах, таниулах, ойлгуулахад чиглэсэн нөлөөллийн болон лобби үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  4. Монгол үндэстэн, дэлхийн монголчууд, тэдний хамтын ажиллагааны боломж, сорилтын асуудлаар нээлттэй, сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах;
  5. Дэлхийн монголчуудын талаарх Монгол улсын явуулж байгаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох, идэвхжүүлэхэд хамтран ажиллах;
  6. Монгол хүүхэд, хүн бүрийн Монгол хэл бичиг, соёл уламжлал, Монголын түүх бахархлаа сурч мэдэх, өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлэх;
  7. Дэлхийн монголчуудын ахан дүүсэг байдал, садан төрөл, ургийн хэлхээ холбоо, Монгол үндэстний дархлаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн сайн санаачилга бүрийг дэмжих;
  8. Монгол хүүхэд, оюутан, залуусын сурч боловсрох боломжийг улам нэмэгдүүлэх, тэр тусмаа Монгол улс болон бусад найрамдалт улс гүрэнд суралцах, ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тэтгэлэг, дэмжлэгийг бүрдүүлж хэрэгжүүлэх;
  9. Монгол судлалыг онцгойлон дэмжиж, Монголчуудын түүх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлан таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  10. Монгол үндэстний түүх бахархал, уламжлал соёл, эв нэгдлийн билэгдэл болсон уламжлалт зан үйлийг дэмжих, дэлхийн монголчуудын Наадам зохиох болон урлаг, спорт, соёл, хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийг санаачлах, санаачлагчидтай хамтарч ажиллах;
  11. Монгол хүний Монгол улсад ирэх, зорчих, амьдрахад чиглэсэн боломж нөхцөлийг сайжруулах, дэлхийн монголчуудын соёл уламжлал, сургалт бизнесийн төв, хотхон байгуулах, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх;
  12. Дэлхийн монголчуудын түүх, амьдрал, тулгамдаж байгаа асуудал, Монгол хүн, үндэстний талаарх бодит судалгаа, Монгол Монголоо дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  13. Үндэсний болон олон улсын арга механизмыг идэвхтэй ашиглан монголчуудын түүхийн үнэн бодит байдлыг таниулж мэдүүлэх, Монгол хэл бичгийн идэвхтэй, нэгдмэл, нийтлэг хэрэглээг дэмжих;
  14. Монгол үндэстний түүхэн болон байгаль, соёлын бахархалт шүтээн тэдгээрийн агуулга, ач холбогдлыг сурталчлах, үзэж харах, аялан жуулчлах боломжийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодит санаачилгуудыг хэрэгжүүлэх;
  15. Монгол хүн, Монгол үндэстний эрхийн төлөөх тэмцэгчдийг алдаршуулах, амь үрэгдсэн баатруудаа дурсах, хүндэтгэл үзүүлэх, мөн Монгол хүн, Монгол үндэстний эсрэг үйлдэл, түрэмгийллийг илчлэх тус тусын өдрүүдийг бий болгож тодорхой үйл ажиллагаа явуулдаг байх;
  1. Монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх.
  2. Эв нэгдэл, ёс зүй, манлайлал хариуцлагыг эрхэмлэх.
  3. Байгууллагын эрхэм зорилго, нэр хүнд, хараат бус байдалд харш үйлдэл, үйл ажиллагаанд үл автах.
  4. Аливаа асуудлыг дотооддоо, өөрийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх.
  5. Давхардсан бүтэц, зохион байгуулалт, нэршил бий болгохгүй байх.
  1. ДМХ нь “Монгол Монголоо хайрлая”, “Эвээ эрхэмлэе”, “Эв нэгдэл, эрх чөлөө, хөгжил дэвшил” гэсэн уриатай байна.
  1. ДМХ нь Дэлхийн Монголчуудын хуралдай, Нэгдсэн зөвлөл, тус тусын Удирдах зөвлөл, өөрийн дүрэм журам, шийдвэрээр тогтоосон бүтэц, зохион байгуулалтаас бүрдэнэ.
  1. Дэлхийн Монголчуудын Хуралдайг (Хуралдай гэх) ДМХ-ны Нэгдсэн Зөвлөлийн (цаашид НЗ гэх) шийдвэрээр зохион байгуулна.
  2. Хуралдай хийх хугацаа, удирдлага, дэг, холбогдох бусад асуудлыг НЗ-ийн шийдвэрээр тогтооно.
  3. Хуралдай нь шийдвэрээ зөвшилцөлд тулгуурлан мэдээ, тунхаг, мэдэгдэл болон ДМХ-ны НЗ-д хандсан чиглэл хэлбэрээр гаргаж болно.
  1. Нэгдсэн Зөвлөл нь ДМХ-ны удирдах байгууллага байна. Нэгдсэн Зөвлөл нь ДМХ-ны Эрхэм зорилго, Үндсэн чиглэл, зарчимд нийцүүлэн ДМХ-ны статус, бүрэлдэхүүн, удирдлага, үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг энэхүү дүрэм, НЗ-өөс тогтоосон журмын дагуу, шийдвэрлэх эрхтэй.
  2. НЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна. Журмыг Нэгдсэн Зөвлөлөөс баталж мөрдүүлнэ.
  3. Нэгдсэн Зөвлөл нь гишүүд, даргаас бүрдэнэ. Дарга, гишүүний эрх үүргийг НЗ-ийн журамд тусгана.
  4. НЗ-ийн үйл ажиллагааны хэлбэр нь гишүүдийн хурал байна. Хурлыг НЗ-ийн дарга, эсвэл даргаас эрх олгосон Зөвлөлийн гишүүн удирдана.
  5. Нэгдсэн Зөвлөл нь шийдвэрээ зөвшилцөж гаргана. Шаардлагатай гэж үзвэл Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар санал хурааж асуудлыг шийдвэрлэнэ. НЗ-ийн шийдвэр нь тогтоол байна. Шийдвэрт НЗ-ийн дарга гарын үсэг зурна. Мөн НЗ-ийн хурлаас чиглэл, тэмдэглэл гаргаж болно.
  6. Нэгдсэн Зөвлөлийн шийдвэрийг ДМХ-ны Эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчимд нийцээгүй гэж үзвэл Зөвлөлийн 5-аас доошгүй гишүүний болон НЗ-ийн даргын саналаар НЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн хүчингүй болгоно.
  7. Дэлхийн Монголчуудын Хуралдайгаас тусгайлан асуудал шийдвэрлэх чиглэл НЗ-д хандан гаргасан бол уг асуудлыг НЗ-ийн хурлаар заавал хэлэлцүүлнэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай дараагийн хуралдайд НЗ-ийн дарга танилцуулна.
  8. НЗ нь шаардлагатай төлөөлөл бүрдсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ. НЗ-ийн бүрэх эрх, төлөөллийг НЗ-г бүрдэх хүртэл ДМХ-ны үүсгэн байгуулагчид хэрэгжүүлнэ.
  1. ДМХ нь Монгол, Япон, АНУ, Европ, Австрали, Энэтхэг, ОХУ, БНХАУ дэх ДМХ-ноос бүрдэнэ. Англи хэлээр дээрх нэршлийг World Mongol Federation Mongolia, World Mongol Federation Japan, World Mongol Federation US, World Mongol Federation Europe, World Mongol Federation Australia, World Mongol Federation India, World Mongol Federation Russia, World Mongol Federation China гэнэ. ДМХолбоог дээрхээс өөр улс, тив, бүсэд байгуулах, байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөх асуудлыг ДМХ-ны НЗ-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
  2. ДМХ-ны бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг аль нэг улс, тив, бүсэд давхардуулан бий болгохыг хориглоно.
  3. ДМХолбоо аль нэг улс, тив, бүсэд татан буугдсан, үйл ажиллагаагаа зогсоосон нь ДМХ-ны статус, бие даасан байдалд үл хамаарна.
  4. ДМХолбоо тухайн улс, тив, бүсэд өөрийн албан ёсны хаяг, бүртгэлтэй, хуулийн бие даасан этгээд байна. ДМХ нь олон улсын байгууллагын статусаар ажиллахыг зөвшөөрнө.
  5. ДМХ нь бүртгэлтэй улс, тив, бүсдээ болон олон улсын хэмжээнд өөрийн үйл ажиллагаагаа энэхүү дүрэмд нийцүүлэн бие даан явуулах, шийдвэрлэх эрхтэй.
  6. Дэлхийн Монголчуудын Холбоо нь өөрийн удирдах бүтэц, бүрэлдэхүүн, гишүүнчлэлтэй байна. Өөрийн үйл ажиллагааг энэхүү дүрэмд нийцсэн бие даасан дүрэм журмаар зохицуулна.
  1. ДМХ-ны үүсгэн байгуулагчдаар (цаашид ҮБ гэх) ДМХ-оог санаачлагчдын 2021 оны 1 дүгээр сарын 30, мөн оны 3 дугаар сарын 31-ний Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхэлсэн цахим хуралд болон энэхүү дүрмийг эцэслэн батлахад оролцогсдыг тооцно. Үүсгэн байгуулагч нь өөрийн саналаар энэхүү эрхээс татгалзаж болно.
  2. ДМХ-ны үүсгэн байгуулагчид нь ДМХ-ны Нэгдсэн Зөвлөлийн бүрэлдэхүүн бүрэлдэж, үйл ажиллагаагаа эхлэх хүртэл, энэхүү дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.
  3. ДМХ-ны ҮБ нь энэхүү дүрэм болон ДМХ-ны НЗ-ийн журмыг баталж ДМХ-ны болон НЗ-ийн бүрэн эрхийг эхлүүлэх үүрэг хүлээнэ.
  4. ДМХ-ны үүсгэн байгуулагч нь ДМХ-ны НЗ-ийн хуралд урилгаар оролцох, мэдээлэл авах эрхтэй.
  5. ДМХ-ны үүсгэн байгуулагчид нь энэхүү дүрэмд зааснаас өөр эрх эдэлж, үүрэг хүлээхгүй.
  1. ДМХ нь тус бүрдээ Удирдах Зөвлөл (цаашид УЗ гэх), Чуулган, Тэргүүн (зохицууулагч), дэд Тэргүүн (дэд зохицуулагч), Нарийн бичиг, Гүйцэтгэх захирал болон удирдах албаны бусад нэршил бүтэц хэрэглэж болно.
  2. ДМХ-ны Тэргүүн нь тухайн холбоогоо, ДМХ-ны НЗ-ийн дарга нь ДМХ-ны НЗ-ийг төлөөлнө.
  3. ДМХ-ны НЗ болон тус тусын УЗ нь тухайн холбооны дүрэм журмын хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  4. ДМХ нь Ерөнхийлөгчтэй байна. Ерөнхийлөгч нь ДМХолбоог төлөөлнө. Ерөнхийлөгчийн албан тушаалыг давхардуулан бий болгохгүй.
  5. ДМХ нь хүндэт Ерөнхийлөгчтэй байж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа эрхэмийг харилцан зөвшилцсөнөөр ДМХ-ны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжилж болно.
  1. ДМХ нь тус тусын харъяалах нэгждээ гишүүн, дэмжигчтэй байна.
  2. Гишүүн, дэмжигчдийн статус, бүртгэл, татварын болон бусад асуудлыг өөрийн дүрэм журмаар зохицуулна.
  3. ДМХ нь гишүүн байгууллагатай байж болно.
  1. ДМХ нь албан байр, ажлын албатай байна. Ажлын албыг Гүйцэтгэх захирал (ГЗ гэх) удирдана. ГЗ-ын эрх үүргийг дүрмээр тодорхойлно.
  2. ДМХ-ны санхүү, бүрэлдэх зарчим, зарцуулалт, гүйцэтгэл, тайлан нь ил тод, хөндлөнгийн хяналттай байна. Санхүүтэй холбоотой харилцааг бие даасан журмаар зохицуулна.
  3. Монголчуудын эрх ашигт болон ДМХ-ны үйл ажиллагаанд харш нөхцөлтэй санхүүжилт авах, албан шийдвэр зөвшөөрөлгүйгээр ДМХ-ны нэр ашиглаж мөнгө босгохыг хатуу хориглоно.
  1. ДМХ-ны шаардлагатай бусад чиг үүрэг, үйл ажиллагааг ДМХ-ны НЗ-өөс тодорхойлж болно.
  2. Энэхүү дүрмийг ДМХ-ны Үүсгэн байгуулагчдын 2021 оны 3 дугаар сарын 31-ний хурлаар батлав.